Зээлийн тооцоолуур

Боловсролд хөрөнгө оруулах 5 шалтгаан

Хэрэв та орлогоо өсгөж амьдралын чанараа дээшлүүлэх зорилготой бол боловсролдоо хөрөнгө оруулах нь урт хугацаандаа хамгийн зөв шийдвэр байх болно. Учир нь боловсрол үргэлж эргэн төлөгддөг.

Энэ удаагийн ☕”Кофены хачир” булангаараа бид боловсролд яагаад хөрөнгө оруулах ёстой 5 шалтгааныг онцолж байна.

1. Хэн ч булаахгүй

Жинхэнэ боловсрол бол зах зээлд үнэлэгдэх бүтээмжийг тогтмол хангаж байх тэр чадвар юм. Хэрвээ та тухайн салбартайгаа хамтдаа хөгжиж чадвал хэзээ ч, ямар ч зах зээлд эрэлттэй байсаар байх болно гэдгийг дэлхийн топ хүний нөөцийн мэргэжилтнүүд сануулдаг. Жишээ нь сургалтад суугаад англи хэлтэй болчихлоо гэж бодоход, та л цаг үетэйгээ уралдан тогтмол суралцагч байж чадвал хэлний давуу талаа ашиглан илүү олон боломжид хүрэх тул хэн ч танаас энэ ур чадварыг тань булааж чадахгүй. Америкийн бизнесмен, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн Варрен Баффетын хэлснээр “Таны сурсан ур чадвараас ямар ч төр татвар авч чадахгүй бас ямар ч инфляц үнэгүйдүүлж чадахгүй” гэсэн байдаг.

2. Санхүүгийн эрх чөлөө рүү хөтөлнө

Хүмүүс ихэвчлэн ямар нэгэн богино хугацааны үйлдэл л санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэг гэж боддог, магадгүй биткойн авах гэх мэт. Харин эсрэгээрээ өндөр орлого олох ур чадвар, боловсролыг эзэмшиж, түүнийгээ урт хугацаанд үргэлжлүүлэх нь л хүнийг жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэг. Жишээлбэл чадварлаг санхүүгийн шинжээч болох. Энгийн тооцоолол хийгээд үзэхэд СЭЗИС-ийн бакалаврын зэргийн төлбөр өндрөөр бодоход 30 орчим сая төгрөг. Одоо зах зээл дээр гарч буй шинэ санхүүгийн аналист ердөө жил хагасын дотор л 4 жил сурсан зардлаа олох боломжтой юм.

3. Боловсрол бол хүрээллээ тэлэх боломж

Санхүүгийн хувьд тогтвортой амьдрал, карьераас гадна боловсрол бидэнд сайн хүрээллийг өгдөг. Harvard-д дан ганц сурах гэж биш харин тэнд суралцдаг хүмүүс буюу хүрээллээс болж л сурах гэж улайрдаг гэх мэтчилэн яриа төгсөгчдийнх нь дунд байдаг. Заавал Harvard байх албагүй ч та магадгүй насан туршийн ментороо багш нараасаа олж, маш чухал түншүүдээ анги, сургалт, сургууль дотроосоо олдог.

4. Улс орондоо оруулах хувь нэмэр

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт өнөөдөр мэдэгдэхгүй ч том зургаараа улс орны ирээдүйд өсөлт өгсөөр байдаг. 10 наснаас нь хүүхдийг физикт дурлууллаа гэхэд үр дүн нь шууд мэдэгдэхгүй ч ажиллах явцад нь, цаашид суралцах үед нь үр өгөөжөө өгсөөр л байдаг. Бүр энэ чиглэлд Дэлхийн банкны гаргасан тайлангууд ч уг үр дүнг баталдаг. Тиймээс нэг хүнд оруулж байгаа боловсролын хөрөнгө оруулалт бол улсдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт л гэсэн үг. Илүү олон хүн боловсролтой байснаар төдий чинээ улс орны хөгжилд нөлөөлнө.

5. Амьдралын чанар дээшилнэ

Та хэзээ нэгтээ Youtube дээрээс How to гэх энэтхэг эрийн бичлэгийг үзэж байсан байх. Тэгвэл тэд яагаад технологийн салбарт ийм олноороо идэвхийлэн ажилладаг гэдгийг мэдэх үү? Учир нь Энэтхэгт одоо хэр нь амь бөхтэй оршсоор байгаа кастын системээс сугаран гарах, өөрийн амьдрал, хувь тавилангаа өөрчлөх цорын ганц зам нь технологийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөх байдаг. Үүнээс харвал боловсрол нь амьдралын чанар болоод бусад зүйлст эергээр нөлөөлдөг нь тодорхой.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл