ЛэндМН ББСБ ХК нь дэлхийд тэргүүлэгч нөлөөллийн хөрөнгө оруулалтын байгууллага болох Developing World Markets (DWM)-аас 4.25 сая ам.долларын санхүүжилтийг бичил бизнес эрхлэгчдийн (MSME) санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор амжилттай татан төвлөрүүллээ. Энэ нь DWM-ийн Монгол yлсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд дундаас 2X Challenge-н шаардлага хангасан (2X-Qualified) анхны санхүүжилт гэдгээрээ онцлог юм.
2X Challenge нь 2018 оны G7-ийн уулзалтын үеэр эхэлсэн санаачилга бөгөөд хөгжиж буй орнуудад эмэгтэйчүүдийн бизнес, манлайлал, эдийн засгийн оролцоог дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьдог. Тус санаачилгын дор 2018 оноос хойш нийт 27.7 тэрбум ам.долларын жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлээд байна.
ЛэндМН ББСБ ХК нь жендэрийн тэгш байдлыг дэмжих 2X Challenge-н шалгуур үзүүлэлтүүдийг гурван үндсэн ангилалд амжилттай хангасан юм. Тус компанийн MSME зээлдэгчдийн 70 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид, мөн 20 хувийг залуу бизнес эрхлэгчид тус тус бүрдүүлж байна.
DWM-ийн Private Credit хариуцсан захирал Роберт Константино, “LendMN нь зах зээлд хангалттай хүртээмжгүй байгаа сегментүүдэд хариуцлагатай, технологид суурилсан санхүүжилтийн шийдлүүдийг амжилттай хүргэж, иргэдийн амьжиргааг сайжруулахын зэрэгцээ жижиг бизнесүүдийн өсөлтийг дэмжих онцгой бизнес загвартайгаа нотолсон. DWM нь Монгол Улсад олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж ирсэн туршлагатай бөгөөд LendMN шиг өндөр түвшний баг, тодорхой зорилго бүхий алсын хараатай компанитай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү санхүүжилт нь LendMN-ийн цаашдын өргөжилт, мөн бүс нутаг дахь DWM-ийн финтек зээлийн стратегийг улам хөгжүүлэхэд дэмжлэг болно” хэмээн онцоллоо.





