Компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 2-р сарын 21-ээс 3-р сарын 7 хүртэл амжилттай явагдаж давхардсан тоогоор нийт 6,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулах захиалга хүлээн авсан билээ.
Өнгөрөгч өдрүүдэд хувьцааны анхдагч зах зээлийн хуваарилалт хийгдэж дууссан бөгөөд захиалга өгсөн иргэд, аж ахуйн нэгжийн 75 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, үлдсэн мөнгөн дүнгийн 5.67 хувьд нь хувьцаа нэмж хуваарилсан байна. Ингэснээр бизнесийн үр өгөөжийг аль болох олон харилцагч, иргэдэд хүртээх, хамтдаа хөгжих бидний тэргүүн зорилго биеллээ олж 5,823 хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхэн анх захиалга өгсөн брокерын компанитай холбогдон эцсийн дүнгээ тодруулах боломжтой.
Мөн Арилжаа Төлбөр тооцооны банкны мэдээлснээр захиалгаас давсан мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл та биелэгдээгүй захиалгын мөнгөн хөрөнгийн буцаалтаа анх захиалга өгсөн брокерын компаниараа дамжуулан аваарай. “ЛэндМН” аппликейшнээр захиалга өгсөн хувьцаа эзэмшигчид аппликейшнаасаа захиалгын биелэлт болон үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах заавартай танилцах боломжтой.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/951 тоот тушаалаар Лэндмн ББСБ ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 3 сарын 14-өөс эхлүүлэх зөвшөөрөл олгосон тухай баяртай мэдээ хүлээн аваад байна. Ийнхүү Монголын Хөрөнгийн Бирж хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 3-р сарын 14-ны 10:00 цагаас эхлүүлэхээр боллоо.
ЛэндМН компанийн хамгийн нандин үнэ цэнэ итгэлцэл болохыг баталж харилцагч, иргэд ТА бүхэн бидэнд өндөр итгэл хүлээлгэн, манай компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болж байгаад нийт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Манай хамт олон хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ үр өгөөжтэй, нийгэмдээ илүү өргөн цар хүрээтэй хувь нэмэр оруулахын төлөө улам чармайн ажиллах болно.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2018 оны 03-р сарын 14-ний өдөр