Гэрийн тохь тухдаа хөрөнгө оруулах нь бидний сэтгэл ханамж, амар амгалан болон аз жаргалтай байдлыг нэмэгдүүлдэг. Ар гэр тохь тухтай байх нь хосуудын харилцааг сайжруулж хүүхдүүдийн сурч боловсроход эергээр нөлөөлдөг учир зээлээр гэрийн тохижилтоо сайжруулах нь зөв хөрөнгө оруулалт гэж үздэг.
Өмнөх жилүүдэд тренд болж байсан минимал чиг хандлага сүүлийн жилүүдэд максималист буюу тод өнгө, зураг хээгээр тоглосон, гэрт илүү дулаан уур амьсгал оруулах өнгө аяс руу шилжиж байна. Тэгвэл өнөөдрийн кофены хачир булангаар бид сүүлийн үеийн интерьерийн чиг хандлагуудыг сонирхуулж байна. Мөн та өөрийн гэрээ хэрхэн тав тухтай тохижуулсан байдлаа comment хэсэгт бусдадаа хуваалцаарай.
1970 оны эргэн ирэлт!
Энэ онд интерьерийн ертөнцөд 70-аад оны Ретро хэв маяг эрчийг авч байгаа ажээ. Тэгвэл энэ хэв маягийн хөрслөг бор, хүрэн улаан болон гүн ногоон өнгөнүүдийн шийдэл нь гэрийн орчныг дулаан уур амьсгалтай болгож дээрээс нь гүн суудалтай буйдангууд, модон хийцтэй тавилгууд нэмэгдсэнээр таны гэрийг тав тух загвар хоёрыг хослуулсан өвөрмөц уур амьсгалтай болгох юм.
Допамин /Аз жаргалын гормон/ ба этгээд байх
Энэ чиг хандлага нь интерьерийн өвөрмөц шийдлээр дамжуулан хүний мэдрэмжид нөлөөлөн допамин ялгаруулж амьдарч буй орчноосоо таашаал авах явдал юм. Ихэвчлэн тод өнгө, сонирхолтой хээ, болон этгээд тавилга, засал чимэглэлийг хослуулан хүнд аз жаргал, баяр хөөр мэдрүүлдгээрээ онцлогтой. Энэ чиг хандлагыг өөрийн орчиндоо бүрдүүлэхийг хүсвэл өнгөөр тоглолт хийх болон анхаарал татахуйц зураг чимэглэл, сонин содон элементүүдийг сонгож гэрээ тохижуулаарай.
Байгальд байгаа мэт…
Гэр тань таны өөрийнхөөрөө байх, тав тухыг хамгийн ихээр мэдрэх ёстой газар байдаг. Тэгвэл сүүлийн үед хүмүүс зөөлөн тухтай буйдан, тааран материалтай ор дэрний даавуу, дулаан тонтой ханын өнгөнүүд болон байгалийн материалтай тавилга сонгон гэрээ амралтад байгаа мэтээр тохижуулдаг болжээ. Энэ нь завгүй, стресстэй хотын амьдралын хэв маягийн эсрэг гэртээ алжаал ядаргаагаа тайлж энергиэ нөхөх орчин бүрдүүлэх хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм.
Булангуудад анхаарлаа хандуул!
Гэрийн булангуудад янз бүрийн хээ угалз гар аргаар зурж гэртээ сонирхолтой өнгө аяс нэмж болох нь ээ. Та хүссэнээрээ дизайн гарган зурж будаж болох бөгөөд энэ нь таны өөрийн хэв маягийг гэрт тань шингээж илүү өөриймсөг мэдрэмж төрүүлэх юм. Та аль нэг өрөөндөө туршаад үзээрэй.
Зэн…/Тайвшралыг олох/
Спа болон угаалгын өрөөний хослол. Стресс их байгаа өнөөгийн нийгэмд өөрийн алжаалыг тайлах, тайвшрах орчныг гэрийнхээ нэг хэсэгт заавал гаргах нь зүйтэй. Иймд хамгийн тохиромжтой хэсэг бол мэдээж угаалгын өрөө юм. Та спад байгаа мэт мэдрэмж авахын тулд зөөлөн өнгө, бүдэг гэрэл, модон материал, ногоон ургамал болон минимал декорууд сонгон уур амьсгал оруулаарай. Энэ нь таны эрч хүч, энергиэ нөхөх хамгийн таатай өрөө болох юм.