“Мөнгөний үнэ цэнээ өсгөе” гэсэн уриан дор өгөөжөө сар бүр тогтмол хүртэх боломжтой “Лэнд” Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх хүндэтгэлийн цан цохих ёслолын үйл ажиллагаа Монголын Хөрөнгийн Бирж дээр амжилттай боллоо.
Энэхүү “ЛэндМН Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй ЛЭНД ХБҮЦ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 6 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөг бүхий 48,500 ширхэг буюу нийт 4.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ХБҮЦ-ыг татан төвлөрүүлэхээр зах зээлд санал болгож байгаа юм.
Хөрөнгийн багцыг хамгийн найдвартай, эргэн төлөгдөх баталгаатай зээлүүдээр бүрдүүлэн, олон нийтэд нээлттэй арилжаалан, хөрөнгө оруулагч нартаа сар бүр өгөөж хүртэх боломжийг олгож буй Лэнд ХБҮЦ нь нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болно үзэж байна.
Цан цохих үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “АНД Глобал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, “ЛэндМН ББСБ” ХК-ний Гүйцэтгэх захирал Б.Удвал, “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг нээж “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Лэнд ХБҮЦ нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж буй зургаа дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ба захиалгыг анх удаа андеррайтер төвтэй арилжаалахаар нийтэд санал болгож буй гэдгээр онцлог юм. Монголын хөрөнгийн зах зээл маш эрчимтэй хөгжиж, шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарч байгаа ба тэр дундаа “ЛэндМН ББСБ” ХК нь Хөрөнгийн биржийн I ангилалд багтдаг, идэвхтэй гишүүдийн нэг юм” гэдгийг онцоллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөхийн зэрэгцээ зах зээлд итгэх иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэлцэл, оролцох оролцоо эрс нэмэгдсэн.
Одоогоор 5 удаагийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд амжилттай гараад байна. Энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж, аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэж буй илрэл юм” гэдгийг онцоллоо.
Лэнд ХБҮЦ-ны үндсэн андеррайтераар “Райнос Инвестмент ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, хөндлөнгийн хуулийн дүгнэлтийг “Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН, зээлийн шинжилгээг “Нийслэл-Аудит” ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар “Юнайтед Айр Файнэнс” ХХК тус тус ажиллажээ.
Үнэт цаасны захиалга 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах ба захиалгыг 2022.10.20-оос 2022.10.26-ны өдрийн 15:00 цаг хүртэл “Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-тай холбогдож захиалж болохоос гадна өөрийн харилцдаг бусад дурын үнэт цаасны компаниар дамжуулан өгөх боломжтой.
Лэнд ХБҮЦ-ны дэлгэрэнгүй мэдээллийг: lend.mn/investment.html