ЛэндМН ББСБ ХК нь өнгөрсөн оны 10 дугаар сард төлбөр тооцооны шинэ үйлчилгээ болох “Лэнд хэтэвч” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Уг үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдийнхээ өдөр тутам ашигладаг бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг бүрдүүлэн, технологийн хөгжүүлэлт, холболтуудыг хийн ажиллаж байгаа билээ.
ЛэндМН-ээс Лэнд хэтэвч хэрэглэгч өөрийн ашигладаг үүрэн холбооны оператор компанийн нэгж, дата зэргийг Лэнд хэтэвч дээрээс худалдан авах боломж бүхий техникийн холболтыг Мост Финтек компанитай хамтран ажиллах гэрээний дагуу хөгжүүлэлт, холболтын ажлуудыг хийж нэвтрүүлсэн боловч Мобиком корпорациас Мост Финтек ХХК-д ирүүлсэн шаардлагын дагуу Мобиком-ын нэгж, дата худалдан авалтын үйлчилгээг зогсоох болсондоо хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.
Мост Финтек ХХК-с Мобиком корпораци нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг ЛэндМН ХК-ийн үйлчилгээний сувгаар дамжуулан борлуулахгүй байх бизнесийн бодлого баримталж байгаа тул Мобиком корпораци ХХК-ийн шаардлагыг биелүүлж, мобикомын нэгж, датаг Лэнд Хэтэвчээр борлуулах үйлчилгээг зогсоох хүсэлтийг бидэнд албан бичгээр ирүүлсэн болно.
ЛэндМН ББСБ ХК нь ил тод, шударга, нээлттэй, эрүүл өрсөлдөөнтэй байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ төлбөр тооцооны илүү хялбар, хэмнэлттэй үйлчилгээг хүргэн ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.
Мобиком корпорациас бусад үүрэн холбооны оператор компаниудын хэрэглэгчид Лэнд хэтэвчээр дамжуулан нэгж, дата худалдан авах, үйлчилгээний төлбөрөө төлөх боломж нээлттэй бөгөөд хэвийн ажиллах болно.