Зээлийн тооцоолуур

ЛЭНДМН ББСБ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ СТРАТЕГИЙН ЧУХАЛ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2019 оны 1-р сарын 30 нд хуралдаж компанийн хуралдаж компанийн 2018 оны үр дүн гүйцэтгэл, 2019 оны төлөвлөгөө мөн компанийн цаашдын өөрчлөлт, өсөлт хөгжилд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдол бүхий чухал шийдвэрүүдийг гаргалаа.
2018 оны гүйцэтгэл: ЛэндМН ББСБ ХК 2018 онд нээлттэй хувьцаат компани болж компанийн засаглалын ил тод, нээлттэй зарчмуудыг хэрэгжүүлсэн олон талаар хурдацтай өсөлт үзүүлсэн жил байлаа. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 жилийн тайланд хийсэн “Эрнст энд Яанг Монголиа” компанийн аудитын дүгнэлтийг хүлээн авч танилцан баталлаа. Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж компанийн 2018 оны цэвэр ашгаас 31.25 хувь буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар компанийн ТУЗ шийдвэрлэж хувьцаа эзэмшигчиддийн хуралд танилцуулж батлуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор компанийн ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2019 оны 2-р сарын 22-ны өдрөөр тасалбар болгохоор зарлаж нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019 оны 3-р сарын 23 ны Бямба гарагийн 13:00 цагт хуралдуулах товийг баталлаа.
Компанийн өсөлтүүд:
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн харилцагчийн тоо 93,881 болж 4 дахин өсжээ
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК 757 мянга удаагийн зээл олгож өмнөх оноос 8 дахин өсжээ
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг 2.6 тэрбум болж өмнөх оноос 107 дахин өсжээ

Толгой компани “Анд Системс” ба “ЛэндМН ББСБ” компаниуд менежментийн өөрчлөлт хийхээ зарлалааКомпанийн цаашдын өөрчлөлт стратегийн шинэчлэлтэй холбоотойгоор ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Б. Дэлгэржаргалыг 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө. Хатагтай Б. Дэлгэржаргал нь Анд Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс томилогдож байгаа юм. Б. Дэлгэржаргал нь ЛэндМН-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа дэвшилтэт технологи ашиглан санхүүгийн анхан шатны үйлчилгээг харилцагчдад хүргэх үйл ажиллагааг төгөлдөржүүлж, нээлттэй компанийн хувьцааны үнэ цэнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Анд Системс ХХК нь Б.Дэлгэржаргалын ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ажлын үр дүн болон Монголын банк санхүүгийн салбарт 25 жил ажилласан арвин туршлагыг нь харгалзан Монгол Улсад цахим банкны үйлчилгээг хөгжүүлэх дараагийн шатны бизнесийн удирдлагын багт ийнхүү томилж байгаа юм.


ЛэндМН ББСБ ХК-ийн 75%-ийг эзэмшдэг стратегийн хөрөнгө оруулагч Анд Системс ХХК нь технологи дээр суурилсан уламжлалт санхүүгийн бизнесийн загварыг эвдэх замаар дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч болох зорилготой санхүүгийн үйлчилгээ дээр тулгуурласан инноваци, технологийн үндэсний компани юм. Энэхүү стратегийн хүрээнд 2019 онд Анд Системс ХХК нэр бүхий арилжааны банк худалдан авах хэлцлийг эхлүүлжээ. Монголын банк санхүүгийн салбарыг финтекийн ахисан төвшинд гаргасан, олон улсад өрсөлдөхүйц жишиг шинэ арилжааны банк удахгүй бий болох ажлыг Анд Системс ХХК эхлүүлж байгаа юм байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд Б. Гантулгыг 2018 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн томилох шийдвэр гарлаа. Ноён Б. Гантулга нь ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүн байсан ба Монголын банк санхүү, үйлдвэрлэл, худалдааны топ бизнесийн байгууллагуудад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай, бизнесийн салбарт танигдсан залуу удирдагч юм. Тэрээр хамгийн сүүлд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Ноён Б. Гантулга ЛэндМН-ийн ирээдүйн өсөлт, бизнесийн тэлэлтийг хариуцахаас гадна компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, банк санхүүгийн болон бусад байгууллагуудтай стратегийн төвшинд хамтран ажиллах үйл ажиллагааг шууд удирдан ажиллах болно.

Анд Системс ба ЛэндМН ББСБ дээрх менежментийн өөрчлөлттэй холбоотойгоор Б. Гантулга ТУЗ-ийн хараат бус гишүүнээсээ чөлөөлөгдлөө. Түүний оронд ЛэндМН ББСБ-ын ТУЗ-ийн шинэ хараат бус түр гишүүнээр Монгол ТВ-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн, хатагтай Ч.Номин томилогдлоо.

ЛэндМН ББСБ ХК 2019 онд Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн авсан бөгөөд Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр үйлчилгээ нэвтрүүлэхээр TransferTo-тэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхлэн явуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр эхний ээлжинд Солонгос, Австрали, Америк, Сингапур, Япон гэх мэт дэлхийн 80 гаруй улсаас ЛэндМН-ийн хэрэглэгчид мөнгө хүлээж авах боломж нээгдэж байна.
Тун удахгүй ЛэндМН-ийн харилцагчид Лэнд Хэтэвчнээсээ дээрхи улсууд руу шууд мөнгө илгээх боломжтой болох юм.

Төлөөлөн удирдах зөвлөл компанийн 2019 оны төсөв, стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж хэрэгжүүлэх, цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан ажиллах, компаний ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахыг шинэ гүйцэтгэх захирал Б. Гантулгад үүрэг болгож амжилт хүслээ.
2019 оны 3 сарын 23-ны Бямба гаригийн 13:00 цагт зохион байгуулагдах ээлжит хурлаар ногдол ашиг тараах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах ба үйл ажиллагааны чиглэл нэмэхтэй холбогдуулан компанийн дүрмийн өөрчлөлт батлах юм. Хурлаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлэхийг хурал зохион байгуулах комисст үүрэг болгожээ.
ЛэндМН ББСБ ХК
Төлөөлөн Удирдах Зөвлөл

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл