“Мөнгөний үнэ цэнээ өсгөе” уриатайгаар Лэнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга энэ сарын 20-25-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дууссан билээ.
Энэ хүрээнд андеррайтер төвтэйгөөр олон нийтэд амжилттай арилжаалагдсан шинэхэн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийн талаар “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Удвалтай ярилцлаа.
– Лэнд ХБҮЦ-ны анхдагч арилжаа товлосон хугацаанаасаа өмнө хаагдсан гэж сонссон. Хөрөнгө оруулалтын үйл явц хэр болж өнгөрсөн бэ?
– ЛэндМН-ийн олон нийтэд санал болгосон Лэнд ХБҮЦ буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь ЛэндМН-ий хувьд хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгосон тав дахь нээлттэй бүтээгдэхүүн юм. Өмнө нь дөрвөн удаа Лэнд бондыг олон нийтэд санал болгож байсан. Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь аравдугаар сарын 20-нд эхлээд 25-ны өдөр буюу хугацаанаасаа нэг өдрийн өмнө 100 хувийн биелэлттэйгээр амжилттай хаагдсан. Нийт 48,500 ширхэг, 4 тэрбум 850 сая төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас анхдагч зах зээлд андеррайтер төвтэйгөөр олон нийтэд амжилттай арилжаалагдсан хэрэг.
Хэдийгээр өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн биш, тогтворгүй байгаа ч олон нийтээс татан төвлөрүүлж буй хөрөнгө оруулалт хугацаанаасаа өмнө амжилттай хаагдлаа. Үүнээс харвал ЛэндМН-ийн олон нийтэд санал болгодог хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд хөрөнгө оруулагчдын дунд аль хэдийнээ танигдчихсан, итгэл даахуйц найдвартай гэж хүлээдэг бүтээгдэхүүний нэг болсон байх гэж бодож байна.
Нийт 299 хөрөнгө оруулагчаас нийтдээ 4 тэрбум 850 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн. Олон хөрөнгө оруулагч оролцсон бүтээгдэхүүн боллоо гэж бид харж байна.
– Лэнд ХБҮЦ бүтээгдэхүүний онцлог юу байсан бэ?
– Сар болгон өгөөжөө өгөх онцлогтой байсан. Хөрөнгө оруулагчид маань сар бүр өгөөжөө авна гэсэн үг. Дараагийн нэг онцлог нь андеррайтер төвтэйгөөр UaaS буюу Underwriter as a Service системийг ашиглан явагдсан нь байлаа. Лэнд ХБҮЦ-ийн хувьд үндсэн андеррайтераар “Райнос Инвестмент ҮЦК” ХХК, хамтрагч андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК ажилласан. Энэ компаниудтай бид олон нээлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд дээрээ хамтран ажилласан байгаа.
Мөн Лэнд ХБҮЦ гаргахад хамтран ажилласан “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, “Юнайтед Айр Файнэнс” ХХК, “Нийслэл аудит” ХХК болон ерөнхий андеррайтер “Райнос Инвестмент ҮЦК” ХХК, хамтрагч андеррайтер “Өлзий энд ко капитал ҮЦК” ХХК-ийн хамт олондоо энэ дашрамыг ашиглан талархлаа дахин илэрхийлье.
– Системийн талаар тодруулж хэлж болох уу?
– 2021 онд Санхүүгийн зохицуулах хороо анхдагч зах зээлийн арилжааг андреайтер төвтэй явуулах эрх зүйн зохицуулалтыг анх баталсан. Үүнд үндэслэн Монпэй бонд анхдагч зах зээлийнхээ арилжааг сэндбокс байдлаар андеррайтер төвтэй зохион байгуулж байсан бол 2022 онд Лэнд ХБҮЦ-ыг АНД Сольюшн компанийн бүтээсэн Underwriter as a Service (UaaS) системээр дамжуулж бодит орчинд анх удаагаа андреайтер төвтэй хийлээ.
UaaS систем нь зах зээл дээрх дундын платформ бөгөөд андеррайтерууд зөвхөн анхдагч арилжааны үеэр энэ системийг асаагаад, түрээслээд ажиллуулж болдгоороо давуу талтай.
Ингэснээрээ андеррайтерууд өөрсдөө систем хөгжүүлж түүнийхээ ашиглалтын зардал болон үйл ажиллагааг хариуцах шаардлагагүй болж байгаа юм. Нөгөө талд андеррайтер төвтэй анхдагч арилжаа зохион байгуулах нь андеррайтеруудад хямд төсөв бөгөөд өөрсдийн хүссэн байдлаар анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах боломжийг олгож буй хэрэг.
Лэнд ХБҮЦ-ийн анхдагч зах зээлийн арилжаа нь цаашид андеррайтер төвтэй арилжаа явагдах жишгийг тогтоож өгч буйгаараа онцлог. Мөн Монголын хөрөнгийн зах зээлд шинэ боломж нээгдэж байгаа юм л даа.
“БИДНИЙ ХУВЬД БОНД ГАРГАХАД Ч ТЭР, ХБҮЦ ГАРГАХАД Ч ТЭР ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ ҮРГЭЛЖ БОДДОГ”
– Олон нийтийн зүгээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө юунд зарцуулахыг сонирхох байх?
– Бид татсан хөрөнгө оруулалтаа үндсэн үйл ажиллагаа болох зээлийн үйл ажиллагаандаа зориулна. Саяхан бид гуравдугаар улирлынхаа тайланг олон нийтэд танилцуулсан бөгөөд үйл ажиллагаа маань өсөн нэмэгдэж байгаа.
Мөн бид шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна.
– Хоёрдогч зах зээлийн арилжааны хүсэлтээ өгчихсөн байгаа юу?
– Бид хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Зохицуулагч байгууллагуудаас хариу ирүүлэхээр олон нийтэд мэдээлэх болно.
– ЛэндМН зургаан жил болж байгаа. Энэ хугацаагаа та хэрхэн дүгнэж байгаа вэ?
– ЛэндМН-ийн хувьд 2018 онд IPO хийснээс хойш бүх тайлан мэдээ болон үйл ажиллагаагаа өөрийн веб сайт, пейж хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй танилцуулж, мэдээлж ирсэн болохоор олон нийт маань харьцангуй мэдээлэлтэй байдаг болов уу гэж боддог. ЛэндМН анх гарч ирэхэд хүн бүр ийм зүйл байх боломжтой юу гээд гайхаж байсан бол таван жилийн дараа эргээд харахад аппликэйшнээр зээл авна гэдэг энгийн үзэгдэл болжээ. Энэ нь өөрөө хөгжиж байгаа зах зээл шүү дээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайлангаас харвал зээл олгодог нийт 36 аппликэйшн байгаа юм байна.
Дараагийн тоглогчид ч ихээр орж ирж, өрсөлдөөн бий болгон тэр дундаас хэрэглэгчид маань хожиж байна. Ингээд бодохоор ЛэндМН энэ салбарт амжилттай явж болох жишгийг харуулж чадсан гэж боддог. Нөгөө талд харилцагч нар маань санхүүгийн үйлчилгээг хялбар цаг алдалгүй авахаас гадна санхүүгийн сахилга батад бас суралцаж байгаа.
Өнөөдрийн байдлаар 21 аймагт үндсэн үйл ажиллагаагаа аппликэйшнээр дамжуулан явуулж байна. Бидний хувьд санхүүгийн хүртээмжтэй байдалд үргэлж анхаардаг. Үүнийгээ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд дээрээ ч шингээхийг зорьдог. Бонд гаргахад ч тэр, ХБҮЦ гаргахад ч тэр тухайн бүтээгдэхүүний нэрлэсэн үнээ аль болох бага байлгаж, олон хүнд хөрөнгө оруулах боломжийг олгохыг зорьсон. Лэнд ХБҮЦ-ийн хувьд нэгж үнэ 100’000 төгрөг байсан. ЛэндМН-ийн хувьд олон нийтэд санал болгож байгаа нээлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээ харвал эдгээр бүтээгдэхүүнүүд маань хөрөнгө оруулагчийн хувьд сагсандаа байлгахыг хүсдэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ.
– Ярилцсанд баярлалаа.