ЛЭНДМН ББСБ ХК-ийн Тогтвортой байдлын бодлого
Гарчиг
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- “ЛэндМН ББСБ” ХК (цаашид “Компани”)-ийн Тогтвортой байдлын бодлого (цаашид “Бодлого”)-ын зорилго нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид “НҮБ”)-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго (цаашид “ТХЗ”), Хүлэмжийн хийг бууруулах тухай Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын амласан үндэсний хэмжээнд тодорхойлcон хувь нэмэр болон Алсын Хараа – 2050 урт хугацааны бодлогын баримт бичигт үндэслэн үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, засаглалын ёс зүйтэй байхыг хичээнгүйлэн ажиллаж, илүү тогтвортой, тэгш, хүртээмжтэй ирээдүйг бий болгохын тулд хувь нэмрээ оруулахад оршино.
- Энэхүү Бодлогод НҮБ-ын ТХЗ-уудаас Компанийн Тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл (луужин)-ийг тодорхойлж, НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим болон Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн 8 зарчимд нийцүүлэн боловсруулсан болно.
- Энэхүү Бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1 “Тогтвортой хөгжил” гэж ирээдүй хойч үеийн хэрэгцээгээ хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахуйц эдийн засгийн өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, инновацыг дэмжиж, байгаль орчин, нийгэм, засаглал (цаашид “БОНЗ”)-ын хүрээнд дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулах үйл явцыг;
1.3.2 “Тогтвортой байдал” гэж БОНЗ-ын хүрээнд эдийн засгийн өсөлт, санхүүгийн хүртээмжийг хангахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй байх тухай Компанийн амлалтыг хэлнэ.
ХОЁР. КОМПАНИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Компани нь дараах Тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг үйл ажиллагаандаа баримтална. Үүнд:
2.1.1 Жендерийн эрх тэгш байдлыг хангах (ТХЗ 5): Эмэгтэйчүүдийг чадавхжуулж, хэрэгцээнд нь нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;
2.1.2 Зохистой ажлын байр эдийн засгийн өсөлтийг дэмжих (ТХЗ 8): Бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг барьцаагүй зээл, санхүүгийн шийдлээр хангах;
2.1.3 Тэгш бус байдлыг бууруулах (ТХЗ 10): Санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал иргэдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хангах;
2.1.4 Хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих (ТХЗ 12): Байгаль орчин, нийгэмд ээлтэй төслүүд, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих;
2.1.5 Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах (ТХЗ 13): Байгаль орчны ул мөрийг бууруулах, ногоон санаачилгыг санхүүжүүлэх. - Компанийн Тогтвортой байдалд хамааралтай чиглэлүүд:
2.2.1 Ядуурлыг устгах (ТХЗ 1);
2.2.2 Өлсгөлөнг зогсоох (ТХЗ 2);
2.2.3 Эрүүл мэндийг дэмжих (ТХЗ 3);
2.2.4 Чанартай боловсролыг дэмжих (ТХЗ 4);
2.2.5 Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх (ТХЗ 7);
2.2.6 Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх (ТХЗ 9);
2.2.7 Хуурай газрын эко системийг хамгаалах (ТХЗ 15);
2.2.8 Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17). - Компанийн Тогтвортой байдалд дам хамааралтай чиглэлүүд:
2.3.1 Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах (ТХЗ 6);
2.3.2. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих (ТХЗ 11);
2.3.3. Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах (ТХЗ 14);
2.3.4. Энх тайван, шударга ёсыг цогцлоох (ТХЗ 16).
ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
- Компани нь Байгаль орчны чиглэлээр дараах бодлогуудыг баримтална:
3.1.1. Компани нь эрчим хүч, ус, цаас гэх мэт нөөцийн хариуцлагатай хэрэглээг хэвшүүлж, хог хаягдал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан, зохицуулагч байгууллагуудын бодлого, журмыг хэрэгжүүлэн ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад хувь нэмрээ оруулна;
3.1.2. Компани нь байгальд ээлтэй үйл ажиллагааны арга технологийг нэн тэргүүнд тавьж, дижитал технологид суурилсан шийдлүүдийг ашиглана;
3.1.3. Компани нь хамтын ажиллагаа болон худалдан авалтын бодлого, шийдвэртээ БОНЗ-ын хүчин зүйлсийг харгалзан үзнэ;
3.1.4. Компани нь өөрийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ БОНЗ-ын эрсдэлийн хүчин зүйлс, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж шийдвэр гаргадаг байна.
ДӨРӨВ. НИЙГМИЙН БОДЛОГО
- Компани нь Нийгмийн чиглэлээр дараах бодлогуудыг баримтална:
4.1.1. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох чиглэлээр ТХЗ болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар тогтвортой, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг дэмжинэ;
4.1.2. Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх замаар зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт боломжийг бий болгох чиглэлийг баримталж ажиллана;
4.1.3. Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажилтнууд болон харилцагчдынхаа хүрээнд олон талт, тэгш байдал, оролцоог хангаж ажиллах бөгөөд жендерт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг үл тэвчиж, жендерийн судалгаанд суурилсан шийдвэр гаргадаг байна;
4.1.4. Харилцагчийн эрхийг хамгаалах, халамжлах чиглэлээр санал хүсэлтийг нь нээлттэйгээр хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх бөгөөд ил тод, ойлгомжтой заавар, тайлбар, мэдээллээр хангаж ажиллана;
4.1.5. Санхүүгийн хүртээмжтэй байдлыг хангах чиглэлээр барьцаа хөрөнгө хангалтгүйн улмаас зээл авч чадахгүй байгаа харилцагчдад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох замаар тэгш бус байдлыг бууруулах, хүртээмжтэй оролцоог хангахад хувь нэмэр оруулна;
4.1.6. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр соёлын өвийг хүндэтгэж, хамгаалахад санхүүжилт олгохыг эрмэлзэнэ. Соёлын өв, дурсгалт газарт хохирол учруулахуйц бизнесийн үйл ажиллагаанд санхүүжилт олгохоос татгалзана;
4.1.7. Зохистой ажлын байрыг хангах чиглэлээр нийт ажилтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нөхцөл, ажлын байрыг бий болгож, хөдөлмөрийг шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалин хөлсөөр хангаж ажиллана;
4.1.8. Харилцагч болон олон нийтэд тогтвортой байдлын ач холбогдлыг таниулах чиглэлээр БОНЗ-ын сайн туршлагуудыг сурталчлах, ахиц дэвшлийг мэдээлэх, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтуудыг дэмжин ажиллана.
ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
- Компани нь Засаглалын чиглэлээр дараах бодлогуудыг баримтална:
5.1.1. Компани нь үйл ажиллагаагаа Олон Улсад мөрдөгдөж буй баримт бичиг болон Монгол Улсын хууль, тогтоомж, салбарын зохицуулагч байгууллагын дүрэм, журамд нийцүүлж ажиллана;
5.1.2. Компани нь компанийн засаглалын кодекст нийцүүлж ажиллах бөгөөд авлига, хээл хахуулиас ангид, ёс зүйтэй, ил тод, хариуцлагатай, шударга байдлыг хангаж ажиллана;
5.1.3. Компани нь үйл ажиллагааны болон санхүүжилтийн шийдвэр гаргах үйл явцдаа ил тод байдлыг эрхэмлэнэ;
5.1.4. Компани нь Тогтвортой байдлын гүйцэтгэлийн талаар тогтмол тайлагнах бөгөөд оролцогч талуудын санал хүсэлтэд суурилж, гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах чиглэлээр хамтран ажиллана;
5.1.5. Компанийн хэмжээнд бүхий л түвшинд Тогтвортой байдлын сайн туршлагуудыг үе шаттайгаар нэвтрүүлэх замаар Тогтвортой байдлын соёлыг төлөвшүүлнэ;
5.1.6. Харилцагч, түншүүддээ тавьж буй Тогтвортой байдлын шаардлагуудыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, БОНЗ-ын эерэг хөгжилд үлгэрлэн манлайлна;
5.1.7. Компанийн болон харилцагчийн БОНЗ-ын эрсдэлийг тодорхойлж бууруулах чиглэлээр шилдэг туршлага, технологийн дэвшилд суурилж нэгдсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлнэ;
5.1.8. Компанийн мэдээллийн хөрөнгийг нууцлах, хамгаалах үйл ажиллагааг найдвартай, уян хатан байдалд суурилж, нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
ЗУРГАА. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
- Бодлогын хэрэгжилтийг хангахын тулд Компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс Тогтвортой байдлын бодлогын зорилго, зорилтууд, амлалтын талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлнэ.
- Компанийн удирдлагын тогтолцооны түвшин бүрд Тогтвортой байдлын асуудал, тайлагналыг хариуцсан хороо, ажлын хэсэг, албан тушаалтныг ажиллуулна.
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн асуудлыг албан ёсоор тусгаж хэлэлцдэг байна.
ДОЛОО. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛ
- Компани нь Тогтвортой байдлын бодлогын зарчмуудыг Компанийн бусад бодлого, журам болон шийдвэр гаргах тогтолцоондоо тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Энэхүү Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр Компанийн Гүйцэтгэх захирал батална.
- Компанийн Гүйцэтгэх захирал нь энэхүү Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн ахиц дэвшлийг холбогдох шалгуур үзүүлэлтээр хэмжих бөгөөд хяналт тавих, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлж, Компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Тогтвортой байдлын бодлогод нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор жил бүр үнэлгээ хийж, Төлөөлөн удирдах зөвлөл, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болон олон нийтэд тайлагнана.
НАЙМ. БУСАД
- Энэхүү Бодлого нь Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
- Энэхүү Бодлогыг холбогдох Олон Улсад болон үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй бодлогын баримт бичиг, түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх гагцхүү Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдана.
“ЛЭНДМН ББСБ” ХК