“ЛэндМН ББСБ” ХК нь 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, залуу авьяастнуудыг дэмжих чиглэлээр дараах олон нийтийн санаачилгуудад нийт 10 сая гаруй төгрөгийн санхүүжилт олгож, мөн 10 сая орчим төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнуудын санаачилгаар хэрэгжүүлсэн төслүүд:
“ЛэндМН ББСБ” ХК нь санхүүгийн байгууллагын хувьд ирээдүйд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, залуу үеийн хөгжлийг дэмжихийг өөрийн хариуцлагын нэг хэсэг гэж үздэг. СЭЗИС-ийн “Төслийн менежмент” хичээлийн хүрээнд хэрэгждэг төслүүд нь бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, оюутнуудын төсөл хэрэгжүүлэх туршлага, санхүүгийн зохицуулалт, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг онцлогтой.
Бид залуучуудын санаачилгыг дэмжих нь зөвхөн тэдний амжилтыг өдөөхөөс гадна нийгэмд тогтвортой хөгжил, санхүүгийн мэдлэгийг түгээх чухал алхам гэж итгэдэг. Иймд бид ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг билээ.
- “Гэгээ” төсөл
Хан-Уул дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс”-ийн нэг цэгийн үйлчилгээний төвд хүүхдийн унтлагын өрөөнүүдийг тохижууллаа. Төслийн хүрээнд шаардлагатай тавилга, гэрэлтүүлэг суурилуулж, хүүхдүүдийн тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн. Ингэснээр жил бүр 50-60 орчим хүүхдэд шаардлагатай амьдрах орчныг хангах боломжтой боллоо.
- “Baby Shark” төсөл
Сувиллын цэцэрлэг Яслийн 10-р цогцолборын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан чөлөөт цагийн өрөөг шинэчлэн тохижуулж, номын тавиур, ширээ сандал, гэрэлтүүлэг зэрэг шаардлагатай ажлуудыг хийснээр өдөрт 140-160 хүүхэд сурч, тоглох нөхцөл бүрдэж, жилд нийт 200 гаруй хүүхдэд үйлчлэх боломжтой боллоо.
- “Товгорхон” төсөл
Нийслэлийн 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайл үсэгтэй ном бүтээх төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төслийн үр дүнд сургуулийн номын санд шинэ номууд нэмэгдэж, 69 сул хараатай, 60 харааны бэрхшээлтэй сурагчдын боловсролын орчныг сайжруулав.
- “Эрүүл хүүхэд – Эрүүл ирээдүй” төсөл
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нярайн шарлагын өрөөг тохижуулж, удаан хугацаанд ашиглагдаагүй байсан тоног төхөөрөмжийг дахин ажиллагаанд оруулснаар нярайн шарлалтыг оношлох, эмчлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, жилд 300-350 нярай хүүхэд эмчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Тусгай дэмжлэгийн төслүүд:
- Монголын оюуны академийн тамирчдыг дэмжих төсөл
Монголын оюуны академийн шилдэг тамирчид Ц. Номин-Эрдэнэ, Ц. Оюун-Эрдэнэ нар АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан “Memoriad 2024” Дэлхийн Оюуны Спортын Олимпод оролцоход ЛэндМН-ийн зүгээс онгоцны тасалбарын зардлыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэв. Энэхүү тэмцээний үр дүнд Ц. Номин-Эрдэнэ “Флаш тоо” төрөлд, Ц. Оюун-Эрдэнэ “Дуут цифр” төрөлд амжилттай оролцож, тус бүр алтан медаль хүртсэн байна.
- “Мэдээлэл зүйн ангийн компьютерийн хангамжийг сайжруулах” төсөл
Толгойтын 42-р сургуулийн Мэдээлэл зүйн ангид, компанийн ашиглаж байсан 15 суурин компьютер, 5 зөөврийн компьютерыг хандивлан, тус сургуульд ашиглалтын шаардлага хангахгүй болсон компьютеруудыг сольж, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүллээ. Энэхүү төслийн үр дүнд жил бүр 450-600 орчим сурагч мэдээлэл зүйн хичээлд оролцох, техник хэрэгслээр хангагдах боломжтой болов.
Эдгээр төслүүд нь “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бодит ажлууд бөгөөд 1,100-1,300 орчим хүүхэд, тэдгээрийн гэр бүлд шууд нөлөөлж, тэдний хөгжих, сурах орчин, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулсан юм.