Зээлийн тооцоолуур

ЛэндМН “Money 20/20 Asia” форумаар Монголын инновацыг танилцуулна

Финтек болон банк санхүүгийн салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг болох Money 20/20 Asia” олон улсын форум энэ сарын 22-24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү форумаар жил бүр 3000 гаруй оролцогчид, 300 гаруй илтгэгчид, тэр дундаа дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид, салбарын нэр хүндтэй экспертүүд, манлайлагчид нэг дор цугларч салбарын чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйд томоохон чухал үр дүнг авчрах олон асуудлуудыг хэлэлцдэгээрээ хамгийн сонирхолтой форум гэгддэг.

Энэ жилийн “Money 20/20 Asia”-д дэлхийн финтекийн салбарын нэр хүндтэй удирдагчид болох Reebok-ийн хамтран үүсгэн байгуулагч Жо Фостер (Joe Foster), Airwallex-ийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Люси Лю (Lucy Liu), KakaoBank-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Даниэл Юн (Daniel Yun) нар оролцож, санхүүгийн хүртээмж, дижитал шилжилт, инновацын чиг хандлагуудын талаар чухал илтгэлүүдийг тавих хөтөлбөртэй байна.  

Монгол Улсаас энэхүү нэр хүндтэй форумд анх удаа ЛэндМН албан ёсоор оролцож байгаа нь манай улсын хувьд анхны тохиолдол бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал юм. ЛэндМН-ийн Дэд захирал Д.Баасандорж энэхүү арга хэмжээнд “Жижиг, дунд бизнесийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал зээлээр дэмжих нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын экспертүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тэрээр Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулж, тэдний үйл ажиллагааг дэмжихэд хиймэл оюун ухаан болон дижитал технологийг хэрхэн үр дүнтэй ашиглаж буй LendMN-ийн туршлага, ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулж, хуваалцахаар болжээ.

ЛэндМН нь Монгол Улсад технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан анхны финтек компани ба санхүүгийн хүртээмжийг тэлэх эрхэм зорилгынхоо хүрээнд уламжлалт санхүүгийн асуудлуудийг технологийн дэвшил, тэр дундаа хиймэл оюун ухааныг ашиглан шийдэж, санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, ухаалаг, хялбар болгохыг зорин ажиллаж байна. “Money 20/20 Asia” форумд Монголын финтек инновацыг танилцуулж буй энэхүү оролцоо нь улс орны нэр хүндийг өсгөх, санхүүгийн салбарын хөгжлийг түргэтгэх, мөн олон нийтийн дунд энэ сэдвээр яриа хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал алхам гэж үзэж байна.