Зээлийн тооцоолуур

БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮСТ ХҮРЭХ НЬ БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ХЭВЭЭР БАЙГАА

Монголын анхны финтек старт-ап компанийн үнэлгээ 30 сая ам.долларт хүсэн тухай нийтлэл дэлхийд алдартай Форбес сэтгүүл дээр яг хоёр жилийн өмнө гарч шуугиан тарьж байв. Уг компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох О.Болдбаатартай хүүрэлдлээ. Биднийг ярилцлага хийж байх зуур Санхүүгийн Зохицуулах Хорооноос дуудлага ирж мань эрийг ЛэндMН-ийн гүйцэтгэх захирлаас томилохыг зөвшөөрсөн тухай мэдээлсэн юм.

В.Ганзориг: Анд Глобал, ЛэндМН гэхээр Ч.Анар, В.Баярсайхан захирлуудын нэр хүмүүсийн толгойд шууд орж ирдэг болов уу. Харин Форбес дээр тамхи татаж байгаад 30 сая долларын санаа олсон гэдэг нийтлэлийн алдарт гурвалын нэг болох Болдбаатар захиралтай сайн танилцмаар байна!
О.Болдбаатар:
Би Улаанбаатар хотын 10 дугаар хороололд байсан Турк сургуулийг 1999 онд төгсөөд Станбул хотод их сургуулиа дүүргэсэн. Үүний дараа Турк улсад нэг жил Mazars гэдэг аудитийн компанид ажиллаад 2005 онд Монголдоо буцаж ирсэн. Ирээд Далай ван, E&Y зэрэг аудитийн фирмүүдэд таван жил ажиллав. Дундуур нь Анар бид хоёр 2008 онд IPTV хийх гэж оролдсон байдаг юм. Тэр үед энэ технологи Франц, Хонг Конгт л байдаг байлаа. Манайд бүр сураггүй байсан үе шүү дээ. 2010 онд PwC-д ажилд ороод тэндээ таван жил ажилласан. Сүүлд PwC-ийн Англи дахь салбарт нь ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Одоогийн ЛэндМН-ийн бизнес санааг Англи руу явахаас өмнө манай түншүүд хоорондоо ярьдаг байсан. Ингэж ярьж явсаар 2016 онд Лэндмн-ийг эхлүүлсэн түүхтэй. 2016 оны 11 сард системээ туршин суурилуулаад, 2017 оны нэгдүгээр сард үйлчилгээгээ хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.
В.Ганзориг: Англид ид карьер хийж байгаад яагаад Монголд буцаж ирж хувийн бизнес эхлүүлэх болов?
О.Болдбаатар:
Тухайн үедээ би PwC-д Монголдоо хамгийн өндөр албан тушаалд нь очсон байсан. Ахлах менежер байсан бөгөөд удахгүй партнер болох боломжтой байсан. Энэ зорилгоор буюу дараагийн хүнээ бэлдэх хөтөлбөрийн дагуу Англи руу солилцооны томилолт авч явсан. Big Four буюу дэлхийн санхүү, аудитийн дөрвөн том фирмийн ийм албан тушаалд хүрнэ гэдэг бол том боломж л доо. Гэхдээ дээр дурдсанаар энэ үед ЛэндМН [NJ2] төслийн яриа давхар яригдаад явж байсан. Уг нь хоёр жилийн гэрээтэй явсан боловч ЛэндМН төслийн ажил эхэлсэн тул талаас нь буцаад Монголдоо ирсэн.
В.Ганзориг: Дэлхийн санхүүгийн том компанийн ажлаа хаяад гарахад танай хэд юу гэж хэлж байсан бэ?
О.Болдбаатар: PwC-д Монгол талаасаа ахлах менежер гээд тэрүүхэндээ би чинь од байлаа шүү дээ эндээ бол. Харин Англид очоод энэ албан тушаал зүгээр нэг тоо гэдгийг ойлгосон. Тэнд хэдэн зуун ажилчинтай том компанид нэг хүн гарах, орох бол байдаг л асуудал. Англид очоод 100 жилийн түүхтэй, тэр том компанийн соёл, механизм дотор ажиллаж үзээд би энд том системийн эрэг, шураг л юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс өөртөө хуримтлуулсан туршлага, мэдлэг дээрээ суурилсан хувийн бизнес эхлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Анар зэрэг нөхөдтэйгээ хамтраад технологи суурьтай олон улсад гарах бизнес хийнэ гэж ярьж байсан болохоор энэ шийдвэрийг нэг их зовохгүй гаргасан.
В.Ганзориг: Технологи ашиглан санхүүгийн салбарт шинэ бизнес эхлүүлнэ гэдэг санаа анх хэнээс чинь яаж төрсөн юм бэ?
О.Болдбаатар:
Тухайн үед Kickstart, Crowdfunding, Alibaba зэрэг нь ид тренд болж байлаа. Эдгээрийг хараад технологи гэдэг том дэд бүтэц үүсч байгааг мэдэрсэн. Иймээс платформын бизнес эхлүүлэх ёстой юм байна, манай баг технологи суурьтай тул үүнийг хийж чадах юм байна гээд эхэлсэн. Эхлээд Crowdfunding-д зориулсан технологийн платформ хийхээр судалгаа эхэлж явж байгаад Peer to Peer гэдэг боломж байгааг харсан. Анхны санаа маань технологийн шийдэл хийгээд банкуудад санал болгох байсан боловч Монголын банкууд тоогоогүй. Монголын банкууд тоохгүй байхад яаж гадагшаа гарах билээ. Тэгвэл ББСБ байгуулаад өөрсдөө бүх юмаа хийгээд бусдад харуулъя гээд санхүүгийн салбар руу орсон түүхтэй. Түүнээс бус бид санхүүгийн салбарт л орно гэж анхнаасаа зориод энэ бизнесийг эхлүүлээгүй.

Бид 2018 оны 3 сард IPO хийсэн. Үүний дараа дан зээл дээр төвлөрөх ёсгүй гээд 10 сардаа хэтэвч төслөө олон нийтэд зарласан. Дараа нь 12 сард купон гээд бас нэг шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Улмаар ер нь энэ системээ нээлттэй болгох ёстой гэж шийдээд 2019 оны дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл гуравдагч талуудын 20 гаруй мини апп манай систем дээр ажилладаг болоод байна. Бид технологио удирдаж байгаа учраас тухайн үеийн нөхцөл байдлаа харж байгаад маш хурдан хугацаанд шийдэл олох, шийдлээ өөрчлөх, шинэ бүтээгдэхүүн турших, тест хийх боломжтой байдаг. Энэ нь манай бусдаас ялгагдах онцлох давуу тал болов уу. Гүйцэтгэх захирлын хувьд би дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнүүдийн судалгааг хийж байна. Төлбөрийн карт, QR, зээлийн системээ улам бүр нээлттэй болгож банкуудтай хамтран ажиллах гэх мэт. Өөрөөр хэлбэл, манай системийг арилжааны банкууд ашиглан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусад хүргэх боломжуудыг нээлттэй болгох тал дээр эрчимтэй судалгаа хийж байна. Манай дээр зээл авах хүсэлт асар олон байгаа ч тэр бүрийг нь хангах эх үүсвэр бидэнд тэр болгон хангалттай биш байдаг.
В.Ганзориг: Энэ боломжийг ойлгоод харилцан ашигтай хамтран ажиллах талууд нь бэлэн байна гэж бодож байна уу?

О.Болдбаатар: Бэлэн гэж бодож байна. Технологи бол бидний өрсөлдөх гол давуу тал. Тийм учраас хүн гар утсаа ашиглан юу хийж болох вэ гэдгийг бид онцгойлж байгаа. Хүн гэртээ сууж байгаад гар утсаараа хоолоо захиалан хүргүүлж авах зэрэг технологи дээр суурилсан бүх төрлийн үйлчилгээний цогц санхүүгийн экосистем бүрдүүлэх дээр төвлөрч байна.
В.Ганзориг: Та хэд санхүүгийн салбарт хэдийнэ хөлөө тавьсан. Ер нь банк, санхүүгийн салбарын хамгийн том сорилт бас боломжийг юу гэж харж байна вэ?
О.Болдбаатар:
Яг банкны салбар гээд ярьвал өрсөлдөөн талаас нь хэлмээр байна. ЛэндМН-ийг банктай харьцуулж болохгүй шүү дээ. Бидний хувьд хууль, дүрэм, журамтай холбоотой асуудал хамгийн том сорилт болж байна. Бидний хийж буй ажил, гаргаж буй бүтээгдэхүүнүүд шинэ зүйлс. Гэтэл энэ шинэ орчилд зориулж нөхцөл байдлаа сайжруулахын оронд хуучин байсан хууль эрх зүйн хүрээнд бидний хийж буй ажлуудыг тааруулахыг шаардах нь хэцүү байдаг. Уг нь зохицуулах байгууллагууд технологийн дэвшлийг дэмжин, олон улсын ирээдүйн тренд болсон гар утас дээр суурилсан санхүүгийн үйлчилгээний зарим зүйл дээр уян хатан хандах, хамтдаа суралцах ёстой.
Нөгөө талдаа бидэнд асар их боломж байна. Зах зээл дээр брэнд болж чадлаа, олон нийтэд хувьцаагаа гаргаж иргэдийн итгэлийг дааж явж байна, 150 мянган зээлдэгчтэй болсон. Үүнээс цаашаа хийх ажил зөндөө их байна.
В.Ганзориг: Яг хоёр жилийн өмнө би В.Баярсайхантай энд ярилцлага хийж байсан. Тэр үед Лэндмн-ийг финтек, санхүүгийн байгууллага гэхээс илүүтэйгээр хамаг гайгүй, мундаг залуусыг ЛэндМН гадаад, дотоодоос дуудан цуглуулж байна гэж яригдаж байв. Компанийн анхны үүсгэн байгуулагчид болон хөрөнгө оруулагчид ямар хүмүүс байсан юм бэ? Өнөөгийн өндөрлөгт хүрсэн старт-апийн түүхийг товчхон хуваалцана уу?
О.Болдбаатар:
Ч.Анар, Ү.Отгонбаяр, П.Отгонбаяр, П.Наранбаяр бид тав анх компаниа үүсгэн байгуулж байлаа. Ийм цар хүрээний төсөл хийх учраас Анар стратеги, П.Отгоо мэдээллийн технологи, Ү.Отгоо маань хиймэл оюун ухаан, би санхүү, Наранбаяр Япон талын харилцааг хариуцан хамтдаа цугласан. Анх бид яг нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт олно гэж эхэлсэн. Энэ мөнгөөр монгол оюун ухааныг технологийн салбарт дэлхийд экспортлоно гэж зорьсон. Анхны нэг сая ам.доллараа дотоод, гадаадын гурван хувь хүнээс босгосон. Энэ гурван хүн цэвэр итгэл үнэмшил дээрээ суурилан бидэнд хөрөнгө оруулсан. Түүнээс биш хэдэн жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалтаа тэд нугалж буцааж авна гэдэг зорилгоор бид нартай хамтраагүй. Маш олон удаагийн уулзалтыг хийсний үр дүнд нэг жил гараны хугацаанд зорьсон хөрөнгө оруулалтаа босгож чадсан. Энэ дунд орж ирээд буцаад мөнгөө татаад гараад явсан хоёр хүн байдаг юм.
Анх босгосон мөнгө буюу Angel investment төслийн зориулалтынхаа дагуу зарцуулагдаад дууссан. Үүний дараа бид Seed хөрөнгө оруулалт татах ажил руу орж дөрвөн сая ам.доллар босгосон. Энэ мөнгөний дийлэнхийг Японы иргэн гаргаж, үлдсэнийг анхны гурван хөрөнгө оруулагч нэмж бүрдүүлсэн. Эдгээр эх үүсвэрийг бид компанийнхаа дүрмийн санг нэмэгдүүлэхэд ашигласан. Энэ нь бидний IPO хийх бэлтгэл ажил байсан юм. 2017 оны 10 сараас IPO хийх ажлаа төлөвлөж эхлээд, 2018 оны 3 сард амжилттай хийсэн. Олон нийтэд 25 хувийн хувьцаагаа санал болгож таван тэрбум төгрөг босгосон. Захиалга нь 48 тэрбум төгрөг давж ирсэн. Нийт босгосон таван тэрбум төгрөгийн талыг нь энэ төслийг урт хугацаанд дэмжих, богино хугацаанд хувьцаагаа зараад гарахгүй байх үүрэг бүхий стратегийн хөрөнгө оруулагч болох БНСУ-ын “Rhinos Asset Management” гэх мэт хэд хэдэн компаниас босгосон. Олон нийтэд нээлттэй компани болсны дараа дотоод болон гадаадаас бонд болон зээлийн эх үүсвэр татах боломжтой болсон.
В.Ганзориг: IPO хийж олон нийтэд нээлттэй компани болсны дараа мэдэрсэн хамгийн сайхан бөгөөд сорилттой зүйл нь юу байсан бол?
О.Болдбаатар:
Compliance буюу Эрх зүйн нийцэл хамгийн том сорилт байсан. Өмнө нь үүнийг ингэе тэгье гээд дотроо яриад дор нь шийдээд явчихдаг байсан бол хувьцаат компани болсны дараа хуучин шигээ шийдвэр хэдүүлээ гарын үсгээ зураад явах ямар ч боломжгүй болсон. Сайхан зүйл нь хүмүүст сайн танигдаж хүлээн зөвшөөрөгдөх юм байна. Компанийн үйл ажиллагааг дараагийн төвшинд гаргаж байна. Энэ утгаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өндөр итгэлийг хүлээх боломжтой болсон. Хувьцааны ханш олонд нээлттэй, хөрвөх чадвартай болохоор компанийн үнэлгээн дээр бусадтай маргалдах шаардлагагүй болсон. Өнөөдрийн байдлаар Лэндмн-ийн зах зээлийн үнэлгээ 43,7 тэрбум төгрөг байна.
В.Ганзориг: ЛэндМН-ийн гол үзүүлэлтүүдийг хамгийн сүүлийн байдлаар уншигчидтай хуваалцана уу?
О.Болдбаатар:
Бид хувьцаат компани болсноос хойш нэлээд өөдрөг, том амбиц өмнөө тавьсан. 2019 оны эхний хагас жилийн зээлийн багц гурав хоногийн өмнө 40 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ бол бидний хувьд түүхэн амжилт. Манайхаас өдөрт дунджаар давхцаагүй тоогоор 6000 зээл гардаг. ББСБ-ын зах зээлийн маш олон үзүүлэлтээр дүгнэдэг. Гэхдээ зээлдэгчдийн тоогоор манайтай өрсөлдөх ББСБ байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, 150 мянган зээлийн харилцагчийн тоогоор манайх салбартаа нэгдүгээрт явж байгаа. Энэ оны эхний хагасын байдлаар 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 2,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өссөн дүнгээр бид нийт 338 тэрбум төгрөгийн 1.7 сая ширхэг зээлийг иргэддээ олгоод байна.
В.Ганзориг: Энэ их амжилтын дундуур чанаргүй зээлийн хувь гэдэг чухал үзүүлэлтийг би заавал асуух ёстой. Энэ үзүүлэлт ямар төвшинд байгаа вэ?
О.Болдбаатар:
Ер нь гарсан 100 төгрөг тутмаас 20 мөнгө алдагддаг гэдэг ерөнхий статистик байдаг юм. Энэ бол нас барсан, гэнэт ажилгүй болсон хүмүүсийн хувийг тооцсон салбарын гол буюу байх ёстой үзүүлэлт. Банкууд сүүлийн 10 жилийн хугацаанд өгсөн зээлийн түүхээ чанаргүй зээлийн үзүүлэлтэд ашигладаг бол бид үүсэн байгуулагдснаас хойш буюу сүүлийн гурван жилийн түүхийг ярьдаг. Энэ бүхнийг тооцоод үзвэл манай харьцаа банк, бусад банк бус байгууллагуудаас харьцангуй сайн байгаа.
В.Ганзориг: Та бүхний ирээдүйн зорилго, амбиц юу вэ? IPO-ийн үеэр гадаад зах зээл рүү гарах тухай багагүй ярьж байсан.
О.Болдбаатар:
Бид яг л органикаараа өсч хөгжөөд явж байгаа. Бидний болон манай харилцагч нарын үүх түүх яг одоо л ид бүрэлдэж эхлэж байна. ЛэндМН бол зөвхөн Монголын зах зээл дээр ажиллаж байгаа. Харин толгой компани болох АНД Глобалийн зорилго бол Монголын амжилтыг дэлхийд давтах юм. АНД Глобал 2017 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдаж байлаа. АНД Глобалийн гол өрсөлдөх давуу тал бол технологи. Энэ утгаараа бид Филиппин улсад ЛэндМН-ийн загварыг хуулбарлан нутагшуулж байна. Филиппинд бид анхны зээлээ 2019 оны гуравдугаар сараас олгоод эхэлсэн. Шинэ зах зээлийн араншингаа судлаад бид маш болгоомжтой урагшилж байгаа. Одоогийн байдлаар 2000 гаруй хүнд нийт 100 мянга гаруй ам.долларын зээлийг олгосон явж байна. Филиппинд банкны хэрэглээ тун бага. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтөө банк гэхээс илүү Seven Eleven дээр голцуу төлдөг. Банкны үндсэн үйлчилгээнээс илүү мөнгөн гуйвуулгийн үйлчилгээ гол зах зээлийг нь эзэлдэг. Бид энэ бүх системийг нь судлаад голлох банкууд, зээлийн мэдээллийн төв, мерчант буюу үйлчилгээний байгууллагуудтай нь системээ холбосон. Бид бичил болон байгууллагын цалингийн зээлийн зах зээл рүү хандах давхар стратегитай ажиллаж байна. Том зах зээлтэй улс учраас бараг захын шахуу байгууллагатай харилцахад наад зах нь 10-20 мянган ажилчинтай байдаг. Эдгээр байгууллагууд цалингаа өөрсдөө боддоггүй. Харин тусдаа мэргэжлийн санхүүгийн байгууллагыг хөлсөлж ажиллуулдаг. Бид эдгээр байгууллагуудтай харилцаад эхний зээлээ гаргасан бөгөөд одоо дараагийн шатны ажлууд руугаа орсон.

Үйл ажиллагаагаа тэлэхийн тулд бид Филиппинд арилжааны банкны тусгай зөвшөөрөл авах гээд ажиллаж байна. Үйл ажиллагаагаа харуулаад зөвшөөрөл хүсээд Филиппины төв банк дээр очихоор юун Монголчууд вэ, гуравхан жилийн түүхтэй компани манай улсын банкийг худалдаж авна гэнэ ээ гээд толгой сэгсрээд гайхаад байгаа. Бидний хийх гэж буй ажлыг ойлгож буй ч улсын маань нэрийг сонсоод хэт өндөр шаардлага тавиад буй асуудал байна. Иймээс бид Монгол Улсын эрсдэлийг давах хэмжээний төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний стратегийн түншийг хайн, эхний төвшний харилцаагаа тогтоогоод идэвхтэй ажиллаж байгаа. Яг одоогоор Филиппиний Төв банкнаас арилжааны банкны зөвшөөрлөө хараахан авч чадаагүй байгаа ч бид одоо байгаа ББСБ-аараа зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх бүрэн боломжтой. Мөн Филиппинд цахим хэтэвчний зөвшөөрөл авах талаар судлаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, заавал арилжааны банкаар дамжихгүйгээр бидний олон улс дахь үйл ажиллагаа маань өргөжсөөр байна.
Энэ хугацаанд зээлийн үйл ажиллагааг өөрсдөө хариуцан хийх нь маш их цаг хугацаа авдаг болохыг мэдэрсэн. Иймээс Филиппин, Монголоос өөр улсад санхүүгийн бизнес рүү гар дүрж орох хэрэг байна уу гэж яриад эхэлсэн. Үүний оронд бид технологио нийлүүлж, Fast FinTech компани болохоор зорьж байна. Энэ зорилгоор бид эхний төслөө Мексикт эхлүүллээ. Хойд Америкийн зах зээлд бид хувь эзэмшихээс илүү технологио нийлүүлээд явъя гэдэг бодлогыг АНД Глобал дээр барьж байгаа. Энэ зуур одоо байгаа технологио Монголдоо улам илүү нээлттэй болгох болно. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаана ч бай дурын иргэн, байгууллага манай технологийг ашиглан өөрсдийн бизнесээ хийх эрх чөлөөг олгохыг бид зорьж байгаа. Камбуж, Мяньмар, Иран, Казакстан, Индонезид яг энэ чиглэлээр нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааг нь хийж байгаад өөрсдөө бүх юмандаа заавал орох албагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
В.Ганзориг: Олон улсын зах зээл рүү ингэж хурдтай гарч байх үед хүний нөөцийн асуудлаа та бүхэн хэрхэн зохицуулж байгаа нь тун сонин байна?
О.Болдбаатар:
Хүний нөөц гээд ярьвал бидэнтэй хаа байсан Иран, Казакстанаас хүртэл хүмүүс холбогдон ярилцаж байлаа. Өнөөдрийг хүртэл бид Монгол хүмүүсээ байлгахыг зорьж байсан. Харин одоо олон улсад тухайн нутгийн шилдэг залууст итгэл хүлээлгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дээр хүний нөөцийн хувьд бид дараагийн төвшиндөө орсон гэсэн үг.
В.Ганзориг: Технологи суурьтай эхэлсэн та бүхэн банк суурьтай цөөн биш залуусыг эгнээндээ элсүүлсэн. Сая гүйцэтгэх захирлын шинэ томилгоог хийлээ. Удирдах албан тушаалын хувьд хүний нөөцийн асуудал болон хэрэгцээг яаж шийдэж байна вэ?
О.Болдбаатар:
Хүний нөөц асуудал мөн ч манайд орж ирж буй залуус хийж буй ажил, зорилгод маань нэгдэн орж ирж буй нь анзаарагддаг. Өчигдөр жишээ нь манай нэг залуу надтай уулзаад би гадаад руу явж финтекээр мастер хийдэг юм уу гэхээр нь би дэмий дээ гэж хэлсэн. Учир нь тэнд очоод сурахад танай багш дор хаяж хоёроос гурван жилийн өмнө гарсан ном ашиглаж чамд хичээл заана. Харин чи энд ирээдүйн хоёроос гурван жилийн трендийг тодорхойлоход гар бие оролцоод явна шүү дээ гэж зөвлөсөн. Манайд ажил орж буй залуус бидний зорилго, компанийн соёлд цалин цавагаас илүү татагдан орж ирдэг. Бид хэрэглэгчид, хийж буй ажил бүрээ шинэлэг байлгах дээр анхаардаг.
ЛэндМН сүүлийн хоёр жилийн дотор асар хурдацтай өсч, Монголын уламжлалт банк, санхүүгийн байгууллагын хүрч болох төвшинд маш богино хугацаанд хүрч чадсан. Бид хэдийнэ олон нийтэд нээлттэй компани болсон. Тэр утгаараа бид өнөөдрийг хүртэл хүрсэн амжилтаа бататгах, өсөлтөө тогтворжуулахыг эрхэмлэж байгаа. Гэхдээ инноваци хийхээс хэзээ ч буцахгүй хэвээр байх болно. Нөгөө талаасаа санхүүгийн байгууллага гэдэг утгаасаа бид mature буюу нас биед хүрсэн байгууллагын зиндаанд орох цаг нь болсон гэж дүгнэсэн. ЛэндМН гурван жилийн хугацаанд дөрвөн гүйцэтгэх захирлын нүүр үзэж байгаа нь үүний нэг илрэл. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө би Б.Гантулга захирлаас гүйцэтгэх захирлын албыг хүлээж авлаа. Гүйцэтгэх захирлууд богино хугацаанд ажиллаж буй мэт боловч уламжлалт салбарын туршлагатай харьцуулбал хэдэн жилээр хэмжигдэнэ. Байгууллага нь өөрөө ийм динамик, хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгддэг учраас гүйцэтгэх захирлуудын ажилласан хугацаа бас өөрөө харьцангуй ойлголт. Богино хугацаанд дөрвөн захирал солигдож буй нь бид уламжлалт компаниудын хэдэн арван жилд хийдэг ажлыг тэр хэрээр товчилж байна гэсэн үг.


В.Ганзориг: Энэ төслийг анх эхлүүлж байсан таван залуугийн үүрэг хариуцлага нь одоо ямар байдаг бол?
О.Болдбаатар:
Анхны тав бол үүсгэн байгуулагчид. Үүнээс хойш АНД Глобалийн төвшинд маш олон мундаг залуус нэгдэн орж ирсэн. Би бол жишээ нь группын хэмжээнд санхүү талаа хариуцаж байсан бол Ч.Анар компанийн алсын хараа, хөрөнгө оруулалт, стратегиа барин гэхдээ группын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүйгээр 180 гаруй ажилчдын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж явж байгаа. Ү.Отгонбаярын ажил хэвээрээ буюу хиймэл оюун ухааны багаа ахалж байгаа ч гэсэн хуучин дан ганц Монгол гэдэг байсан бол одоо Мексик, Филиппин гээд явж байгаа. П.Отгонбаяр маань яг адилхан олон улсын зах зээлийн төслөө амжилттай болгохын тул завгүй явж байгаа. Яг одоо Филиппинд Seven Eleven-тэй хийх интеграцийн ажлаа хийгээд тэнд явж байна. Ирмэгцээ зээлийн мэдээллийн сантай нь системтэй холбох, зээлээ хэрхэн олгож эргэн хэрхэн цуглуулах тухай системийн шийдлээ эцэслэхээр Мексик руу явна. Японы Mizuho Bank, UBS Securities-д байсан Б.Хос-Эрдэнэ маань хөрөнгө оруулалт, мөнгө босгох тал дээрээ идэвхтэй ажиллаж байна. П.Наранбаяр Япон талын хөрөнгө оруулагчдийн харилцаагаа барьдаг. В.Баярсайхан АНД Глобалийн төвшинд үйл ажиллагааны чиглэлээ хариуцан ажиллаж байна.
Энэ бүх үйл ажиллагааг ярьсных би Banana Mall-ийн тухай мэдээлэл заавал өгөх ёстой болов уу. Энэ бол бидний гуравдагч талуудтай хамтарсан дундын бизнес загвар юм. Бид энэ бизнесийн хүрээнд харилцагчийн онлайн худалдан авалтыг тухайн эгшинд нь шууд санхүүжүүлнэ гэсэн үг. Сүүлийн үеийн залуус үнэндээ компьютерээ асаагаад интернэт бровсер руу орохоо бараг больж байна. Тэд шууд апп ашигладаг, эсвэл фэйсбүүкээс худалдан авалт хийдэг болжээ. E-Commerce-оос M-Commerce руу шилжилт хэдийнэ эхэлсэн. Энэ ирээдүйн хөгжлийн гол чиг хандлага болох тул бид энэ төсөл рүү орсон байгаа. Гэхдээ энэ бол ЛэндМН-тэй шууд холбоотой биш тусдаа компани гэсэн үг шүү. Өнөөдрийн байдлаар LendMN аппликейшныг нэг сая гаруй хэрэглэгч гар утсандаа татсан бөгөөд тус аппликейшнээр барьцаагүй зээлийн үйлчилгээ авах, төлбөр тооцоо, худалдан авалт хийх, шимтгэлгүй шилжүүлэг хийх зэргээр өдөр тутамдаа тогтмол ашиглаж байна. Үүн дээрээ нэмээд бид энэхүү Banana Mall гээд онлайн дэлгүүрээ нээсэн. Энд одоогийн байдлаар 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагчаас хэрэглэгчдэд санал болгож, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг ѳдрийн дотор л хүссэн байршилд тань хүргэлт хийдгээрээ онцлогтой. Banana Mall нь одоо ид хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд есдүгээр сараас шинэчилсэн хувилбараараа нээлтээ хийнэ. Энэ үед бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, илүү өргөн сонголтыг бид харилцагч нартаа өгөх болно.
В.Ганзориг: АНД Глобал, Системс, Тек, ЛэндМН-ийн ялгааг бүтцийн хувьд товч тайлбарлаж өгнө үү.
О.Болдбаатар:
АНД Глобал бол манай олон улсын бизнесийг хариуцдаг Сингапур улсад бүртгэлтэй толгой компани юм. Харин АНД Системс нь Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцсан холдинг компани бол АНД Системс Тек манай бүхий л төслүүдийн хөгжүүлэлтийг хийдэг технологийн компани. ЛэндМН нь Монгол Улсын нутаг дэвсгэрт СЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүрээнд зээлийн болон цахим хэтэвчний үйлчилгээ үзүүлдэг олон нийтэд нээлттэй хувьцаат компани.
В.Ганзориг: Цахим хэтэвч гээд ярихаар надад тун тухгүй байдаг. Яг одоо миний утсан дээр арав гаруй банк, санхүүгийн аппликэйшн байна. Тэд тус бүрдээ харилцагчийн нэр ба нууц үгтэй. Зүй нь энэ бүхнийг нэгтгэсэн харилцагчид ээлтэй шийдлийг цахим хэтэвч гэж нэрлэх ёстой баймаар. Хэзээ бид ийм шийдэл хэрэглэж эхлэх бол?
О.Болдбаатар:
Манай ЛэндМН-ийн аппийг нэг сая хүн аль хэдийн татаад авсан байгаа нь Ebarimt, Хаан банкны аппийн дараах гуравт явж байгаа үзүүлэлт юм. Глобал трендийн чиглэл бүхнийг багтаасан супер апп руу явж байгаа. Бид ч гэсэн үүнийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бид бүх төрлийн банк санхүү, үйлчилгээний байгууллага болон хэрэглэгч хоорондын дундын технологийн дэд бүтэц байхыг зорьж байна. Яг одоо бид үйлчилгээний хувьд дундын дэд бүтэц нь болж чадаж байгаа ч санхүүгийн хувьд хараагүй болж амжаагүй байна. Даатгалын компаниуд манай дэд бүтэц дээр ороод ирсэн, эхнээсээ ХЗХ-оод орж ирж байна. Бид банкуудыг өрсөлдөгч гэж хардаггүй. Учир нь бид технологи дээр суурилсан шинэ зах зээлийг бий болгодог. ЛэндМН өөрөө банк болно гэж байхгүй. Харин бүх банкуудтай нээлтэй бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллах чин хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, бид технологийн бизнес дээрээ л төвлөрнө.
В.Ганзориг: Гэхдээ танай толгой компани арилжааны банктай болох тухай мэдэгдлийг ЛэндМН-ийн IPO хийх үедээ зарлаж байсан. Тэр ажлын явц нь ямар байгаа вэ?
О.Болдбаатар:
Бид хамтран ажиллах хэлэлцээр хийж байгаа. Энэ хэлцэл маань нааштай болох байх гэдэгт итгэлтэй байна. Бид үйл ажиллагаагаа улам олон хүнд хүргэхийн тулд боломжтой бүх сонголтуудыг судалж байна. Банкны үйлчилгээ авч чадахгүй хүмүүст хүрч үйлчлэх нь бидний эрхэм зорилго хэвээр байгаа.

В.Ганзориг: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа

Эх сурвал: www.newspress.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл