Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН 2018 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

Эрхэм хувьцаа эзэмшигч танаа:
“ЛэндМН ББСБ” хувьцаат компанийн хамт олон өнгөрсөн улиралд шаргуу, хичээн ажиллаж эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигчигчдээ тайлагнах олон сайхан ололт амжилтуудтайгаар 2 дугаар улирлаа үдлээ. Ийнхүү та бүхэнд “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2018 оны 2 улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж байна.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт харилцагчдын тоо 2018 оны 2-р улирлын эцэст 54,919-д хүрч, өмнөх улирлаас 36%-аар өслөө. Өнгөрсөн улиралд нийт 32.7 тэрбум төгрөгийн 175.3 мянган зээл олгосноор өмнөх 1 дүгээр улиралтай харьцуулахад 48% -аар өссөн үзүүлэлттэй байна.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн 2 дугаар улирлын нийт орлого 1 тэрбум 522 сая төгрөг болж, өмнөх улиралтай харьцуулахад 38%-аар өслөө. Нийт цэвэр ашгийн хэмжээ эхний хагас жилд 1 тэрбум 241 сая төгрөгт хүрсэн ба 2 дугаар улирлын цэвэр ашгийн хэмжээ өмнөх улирлаас 62%-аар өсч 766.6 сая төгрөг байна. Тоо үзүүлэлтүүдийн дэлгэрэнгүйг санхүүгийн тайлангаас харна уу.


Үйл ажиллагааны онцлох үйл явдлууд:“ЛэндМН ББСБ ХК” нь хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, 2018 оны 3 дугаар сард олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалснаас хойш хувьцаа эзэмшигчдийн анхны хурлаа 2018 оны 5 сарын 9-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд албан ёсоор зохион байгуулсан билээ. Хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 87.5% нь биечлэн оролцож, Компанийн засаглалын үндсэн баримт бичиг болох нээлттэй хувьцаат компанийн дүрмээ баталж, компанийн гүйцэтгэх удирдлагын багийг бодлогын удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй шинээр томилж, гишүүдийг сонголоо.
Хувьцаа эзэмшигчдийн хурал: 2018.05.09

Хувь нийлүүлэгчдийн хурлаас шинээр сонгогдсон анхны хурал 2018 оны 6 сарын 4-ний өдөр хуралдан дотоод журмаа баталж, О.Болдбаатарыг ТУЗ-ийн даргаар томилж, ТУЗ-ийн дэргэдэх 3 хороог байгуулах шийдвэрийг гаргалаа.
Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Баянжаргалын Дэлгэржаргалыг “ЛэндМН ББСБ ХК”-ийн гүйцэтгэх захирлаар сонгон шалгаруулж, томиллоо. Б. Дэлгэржаргал нь банк, санхүүгийн салбарт 26 жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.
ТУЗ-ийн хурал: 2018.06.04

“ЛэндМН ББСБ ХК”-ийн ТУЗ-ийн хурлаар компанийн үйл ажиллагааны өсөлтийг хангах зорилгоор зээлийн үндсэн бүтээгдэхүүний санхүүжилтийн шинэ үүсвэрт зориулан нийт 5.0 тэрбум төгрөгийн хаалттай бондыг 2, 3 дугаар улиралд гаргах шийдвэрийг гаргаж, үүнээс 1.0 тэрбум төгрөгийн хаалттай бондыг 2018 оны 6 сарын 18-ны өдөр гарган, эх үүсвэрийг татан төвлөрүүлээд байна. ЛэндМН хувьцаа 2018 оны 3 сарын 14-ний өдөр хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш хөрвөх чадвар, арилжаалагдсан хувьцааны тоо ширхэг, үнийн дүн зэргээрээ Монголын Хөрөнгийн Биржийн үзүүлэлтүүдийг тэргүүлж 2018 оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар нэгж хувьцааны ханш 56.40 төгрөгт хүрч, анхдагч зах зээлд санал болгосон 25.00 төгрөгөөс 126% –аар өссөн байна
“ЛэндМН ББСБ ХК” өнгөрсөн улиралд 400,000 дахь зээлээ олгож, 50,000 дахь хэрэглэгчээ бүртгэн авч дуудлагын төвөөрөө дамжуулан үйлчилгээ үзүүлсэн хэрэглэгчийн тоо 116,000-д хүрлээ. Орон нутагт борлуулалтын цар хүрээгээ тэлэн, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Мөрөн, Багануур хотуудад шууд борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 10,000 гаруй хүнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.
ЛэндМН борлуулалтын баг: Орон нутагт ажиллаа

Бид ЛэндМН аппликейшнээ харилцагчдынхаа хэрэглээ, хүсэлт, шаардлагад нийцүүлэн улам хялбар, энгийн болгох нэмэлт сайжруулалтуудыг хийсээр байна. Тухайлбал, шинээр хэрэглэгч бүртгэх процессыг хялбар болгосноор хэрэглэгч 2 минутаас хэтрэхгүй хугацаанд бүртгэлээ хийх боломжтой боллоо. Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчдийг бүртгэх ажиллагаа боловсронгуй болоод байна. 
Зээлийн дээд хэмжээгээ 2,000,000 төгрөг болгож өсгөсөн нь санхүүгийн сахилга бат өндөр, үнэнч хэрэглэгчдээ урамшуулсан хөтөлбөр болсон юм.
“ЛэндМН ББСБ” ХК нь Цахим төлбөр тооцоо санхүүгийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авлаа. Ингэснээр зээлийн үйлчилгээнээс гадна ЛэндМН аппликейшнаар дамжуулан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх зэрэг шинэ үйлчилгээгээнүүдийг хурдан, хялбар гүйцэтгэх боломжтой болж байна. ЛэндМН-ийн хөгжүүлэлтийн багийнхан цахим төлбөр тооцооны шинэ шийдэл дээр төвлөрөн ажиллаж хэрэглэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн тухай
Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
Холбоо барих:
ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: Ч. Намираа
Утас: 9900-3223, Имэйл: contact@lend.mn, board@lend.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл