Зээлийн тооцоолуур

В.Баярсайхан: Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсээс өөр оюуны баялаг экспортлох БОЛОМЖТОЙ


Хөрөнгө оруулалтын “Инвест Монголиа-2017” чуулга уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалт нь “Монгол Улсын дэд бүтцийн хөгжил” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
Хэдийгээр хөрөнгө оруулалтын чуулган уулзалтын сэдэв уул уурхай, дэд бүтэц, хамтын ажиллагаа тойрсон хүнд аж үйлдвэрлэлд багцлагдсан юм. Энэ удаад IT чиглэлээр анх удаа“ЛэндМН” зээлийн аппликэйшнийг нэвтрүүлсэн “Анд Глобал” компани илтгэл тавьсан нь онцлог байлаа.
Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан “Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсээс өөр оюуны баялагаа экспортлох боломжтой. Бид ийм боломж бий гэдгийг харуулахаар энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Бид сүүлийн хоёр жил технологи хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, бүтээгдэхүүнээ ч зах зээлд гаргасан. Манай “Анд Глобал” компани дэлхийд оюуны бүтээлээ экспортлоход гурван чухал хүчин зүйлийг тодотгож байгаа.

Нэгдүгээрт, маш сайн боловсон хүчин, чадварлаг ажиллах хүчинтэй байх хэрэгтэй. Манай компани дэлхийн зах зээлд гарч ирье гэвэл хүмүүсээр нь чаддаг зүйлсийг нь хийлгэх, залуучуудад боломж олгож, хамтарч ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, технологио хөгжүүлэх хэрэгтэй. Энэ технологи нь финтек буюу технологи дээр суурилж санхүүгийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн хэрэглээнд хүргэх шинэ салбарт бизнесээ эхлүүлсэн. Ингэхдээ хиймэл оюун ухаанд тулгуурласан хөгжүүлэлт хийж байгаа. Энэхүү финтек нь барууны орнуудад чухал салбарын нэг хэдийнээ болсон бөгөөд Азид ид хүчээ авч байгаа салбар юм.

Гуравдугаарт, энэ бүх боломжийг нэгтгэсэн маш том зах зээл хэрэгтэй. Бид юуг бүтээж, хэнд хүргэх, хаашаа явах зэрэг нь тодорхой байх шаардлагатай. Өнөөдөр Ази, Африк тивийн улс оронд гурван хүн тутмын нэг нь технологи мэддэггүй, барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг хангадаггүй. Тиймдээ ч санхүүгийн үйлчилгээг авч чаддаггүй байна. Үүнийг маш том зах зээл гэж харж байна.

Бид эхний ээлжид Япон, Филлипин, Камбож орныг сонгоод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Анхны хөрөнгө оруулалтаа дотоодын зах зээлээс босгож байна. Саяхан Япон улсаас дөрвөн сая ам.долларын ээлжит санхүүжилт босгосон. Ирэх таван жилдээ Өмнөд болон Зүүн өмнөд Азийн 10 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа манайх шиг олон технологийн компани энэхүү чуулга уулзалтад оролцох байх гэж найдаж байна” гэлээ.

www.ikon.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл