Энэхүү ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г Монгол улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн
Нэг талаас, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж-34, Сувд төв, 2 тоот хаягт орших “Супер Ап Хэтэвч” ХХК (цаашид “Үйлчилгээ эрхлэгч” гэх), Нөгөө талаас ______________________-ны ______________________ (Регистрийн дугаар: ___________________) (цаашид “Харилцагч” гэх, Үйлчилгээ эрхлэгчтэй хамтад нь “Талууд” гэх) нар дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Гэрээний зүйл, нэр томьёо
- 1.1. Энэхүү гэрээ нь Үйлчилгээ эрхлэгчээс цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөр тооцооны үйлчилгээ авах эрхийг Харилцагчид олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
- 1.2. Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно.
- 1.2.1. “SuperUp аппликейшн“ гэж хэрэглэгч ухаалаг гар утсанд татан авч, хэрэглэгчээр бүртгүүлэн санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ авах, цахим хэлбэрээр төлбөр тооцоо гүйцэтгэх, мөнгөн шилжүүлэг хийх, ухаалаг гар утсанд суурилсан аппликейшныг;
- 1.2.2. “Цахим төлбөр тооцооны үйлчилгээ“ гэж Харилцагч нь “SuperUp” аппликейшн ашиглан хийх энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөр тооцооны үйлчилгээг;
- 1.2.3. “Цахим хэтэвч“ гэж “SuperUp” аппликейшнд бүртгэгдсэн Харилцагчид үүсгэсэн, түүний байршуулсан мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх, Харилцагчийн цахим дансыг;
- 1.2.4. “Цахим хэтэвч эзэмшигч“ гэж “SuperUp” аппликейшн дээр үүсгэсэн цахим хэтэвчийг эзэмших буюу түүнийг ашиглаж цахим төлбөр тооцооны үйлчилгээ авах эрх бүхий, хэрэглэгчийг;
- 1.2.5. “Дансны дугаар“ гэж Үйлчилгээ эрхлэгчийн програмд автоматаар үүсч, системтэйгээр дугаарлагдаж, тухайн Харилцагчид оноогдсон, цахим хэтэвчийн дахин давтагдашгүй дугаарыг;
- 1.2.6. “Биометрийн мэдээлэл“ гэж царай, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, дуу хоолой зэрэг Харилцагчийг таних биеийн өгөгдлийг;
- 1.2.7. “Харилцагчийг таних“ гэж Үйлчилгээ эрхлэгчээс Харилцагчийг холбогдох бичиг баримт, бүртгэгдсэн бүртгэл, мэдээлэлтэй тулган, тухайн цахим хэтэвч эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах үйл ажиллагааг;
- 1.2.8. “Гэрээт хамтрагч“ гэж Харилцагчид борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг SuperUp аппликейшнаар дамжуулан хүлээн авахаар Үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
- 1.2.9. “Дебит шилжүүлэг“ гэж Харилцагчаас олгосон зөвшөөрөлд үндэслэн төлбөр хүлээн авагчийн эхлүүлсэн нэхэмжлэлийн дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг;
- 1.2.10. “Баталгааны данс“ гэж Харилцагч болон бусад оролцогчийн цахим төлбөр тооцоог гүйцэтгэх зориулалт бүхий, Оролцогчдын мөнгөн хөрөнгийг байршуулсан банкин дахь Үйлчилгээ эрхлэгчийн тусгай зориулалтын дансыг.
Хоёр. Үйлчилгээний нөхцөл
- 2.1. Цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үндсэн програм хангамж нь “SuperUp” аппликейшны “Хэтэвч” цэс байх ба боломжит бусад аппликейшнаар дамжуулан (цаашид хамтад нь “SuperUp” аппликейшн гэх) цахим төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж болно.
- 2.2. Харилцагч 24/7 цагийн горимд шаардлагатай үедээ “SuperUp” аппликейшн ашиглан Үйлчилгээ эрхлэгчээс дараах үйлчилгээг авах эрхтэй:
- 2.2.1. Цахим хэтэвчийг банкны данснаас цэнэглэх;
- 2.2.2. Цахим хэтэвчийг зээлээр цэнэглэх;
- 2.2.3. Цахим хэтэвчид мөнгө хүлээн авах;
- 2.2.4. Цахим хэтэвч хооронд мөнгө шилжүүлэх, нэхэмжлэх;
- 2.2.5. Цахим хэтэвчээс зээл төлөх;
- 2.2.6. Бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх;
- 2.2.7. Өөрийн банкин дахь дансанд мөнгө шилжүүлэх;
- 2.2.8. Бусдын банкин дахь дансанд мөнгө шилжүүлэх;
- 2.2.9. Цахим хэтэвчээс дебит шилжүүлэг хийх;
- 2.2.10. Цахим хэтэвчийн гүйлгээний хуулга болон үлдэгдэл харах.
- 2.3. Харилцагчийн нэг удаад хийх зарлагын гүйлгээний дээд хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг, доод хэмжээ нь 1,000 /нэг мянга/ төгрөг байх ба нэг өдөрт хийх зарлагын гүйлгээний дээд хязгаар 3,000,000 /гурван сая/ төгрөг, цахим хэтэвч дэх мөнгөний дээд хэмжээ 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс хэтрэхгүй байна.
- 2.4. Үйлчилгээ эрхлэгч нь Монголбанкнаас тогтоосон гүйлгээний болон цахим хэтэвч дэх мөнгөний дээд хязгаартай уялдуулан энэхүү гэрээний 2.3-т заасан хэмжээг өөрчлөн тогтоож болох ба энэ тохиолдолд “SuperUp” аппликейшнар дамжуулан Харилцагчид мэдэгдэнэ.
- 2.5. Цахим хэтэвчинд хийгдэх гүйлгээ, төлбөр тооцоог дараах хугацаанд гүйцэтгэнэ.
- 2.5.1. Цахим хэтэвч хооронд мөнгө шилжүүлэхэд гүйлгээг Харилцагч зөвшөөрсөн тэр даруй;
- 2.5.2. Цахим хэтэвчээс хийгдэх зарлагын гүйлгээг гүйлгээг хүлээн авагч, дамжуулагч талын систем саатсанаас бусад тохиолдолд Харилцагч зөвшөөрсөн тэр даруй;
- 2.5.3. Цахим хэтэвчийг зээлээр цэнэглэх гүйлгээг Зээлдүүлэгч зөвшөөрсөн тэр даруй;
- 2.5.5. Цахим хэтэвчид банкны данснаас цэнэглэх, мөнгө хүлээн авахад, банк дотор, эсхүл банк хооронд хийсэн 3,000,000 (гурван сая) хүртэлх төгрөгийн гүйлгээг 2-10 минутын дотор, банк хооронд хийгдсэн 3,000,000 (гурван сая) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ажлын цагт, Үйлчилгээ эрхлэгч мөнгийг хүлээн авснаас хойш 2-10 минутын дотор;
- 2.5.6. Цахим хэтэвчид банкны данснаас мөнгө хүлээн авахдаа гүйлгээг буруу дансанд хийсэн, гүйлгээний утгыг алдаатай, дутуу бичсэн болон банкны системээс хамаарч гүйлгээ саатсан зэрэг тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч мөнгийг банкны дансанд хүлээн авснаас хойш ажлын 2 цагийн дотор;
- 2.5.7. Цахим хэтэвчид банкны данснаас мөнгө хүлээн авахдаа гүйлгээний утгыг буруу, дутуу бичсэнээс Цахим хэтэвч эзэмшигчийг тодорхойлох боломжгүй тохиолдолд Харилцагч Үйлчилгээ эрхлэгчид хандан, мөнгө хүлээн авагчийг тогтоосноос хойш ажлын 2 цагийн дотор;
- 2.5.8. Цахим хэтэвчээс хийгдэх дебит гүйлгээг Гэрээт хамтрагч, Зээлдүүлэгчийн Харилцагчтай байгуулсан гэрээ, төлбөрийн зөвшөөрлийг үндэслэн Үйлчилгээ эрхлэгчид ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаар шалгаж тус тус гүйцэтгэнэ.
- 2.6. Харилцагч нь өөрийн цахим хэтэвч дэх мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд багтаан, гүйлгээний доод, дээд хязгаарын хүрээнд төлбөр тооцоог гүйцэтгэнэ. Харилцагчийн цахим хэтэвчийн үлдэгдэл тухайн гүйлгээг хийхэд хүрэлцэхгүй, бүрдүүлбэр дутуу, өгөгдөл буруу, нэг удаагийн болон нэг өдрийн гүйлгээний дээд хязгаараас давсан, эсхүл доод хязгаарт хүрээгүй зэргээс шалтгаалан гүйлгээ саатсаны улмаас учирсан үр дагаврыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.
- 2.7. Харилцагч нь цахим хэтэвч болон банк дахь гадаад валютын данс хооронд гүйлгээ хийх тохиолдолд шилжүүлэгч, эсхүл хүлээн авагч банк холбогдох гүйлгээг хүлээн авах дансны валютад хөрвүүлэх бөгөөд ханшийн зөрүүгийн эрсдэлийг Харилцагч хариуцна.
- 2.8. Үйлчилгээ эрхлэгч нь цахим хэтэвчээс хийгдсэн гүйлгээ, төлбөр тооцоо, суутган тооцсон төлбөр, хүү, шимтгэл, хураамжийг “SuperUp” аппликейшнаар дамжуулан Харилцагчид мэдэгдэнэ.
Гурав. Үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөл
- 3.1. Цахим төлбөр, тооцооны үйлчилгээний шимтгэл, хураамж нь дараах төрөлтэй байж болно. Үүнд:
- 3.1.1. Гүйлгээний хураамж;
- 3.1.2. Цахим төлбөр тооцооны үйлчилгээний хураамж;
- 3.1.3. Мэдээлэл, лавлагааны үйлчилгээний хураамж;
- 3.1.4. Үүрэн холбооны мессеж үйлчилгээний хураамж.
- 3.2. Энэхүү гэрээний 3.1.1-т заасан гүйлгээний хураамжийг гүйлгээний төрөл, гүйлгээг шилжүүлэгч, дамжуулагч, бэлэн мөнгөний үйлчилгээ үзүүлэгч банк, бусад байгууллагын үйлчилгээний хураамж, шимтгэлийн нөхцөлийг үндэслэн, 3.1.4-т заасан хураамжийг үүрэн холбооны оператор компанийн үйлчилгээний хураамжийг үндэслэн тогтооно.
- 3.3. Энэхүү гэрээний 3.1.2, 3.1.3-т заасан цахим төлбөр тооцооны болон мэдээлэл, лавлагааны үйлчилгээний хураамж нь тогтмол дүнгээр илэрхийлэгдэнэ.
- 3.4. Үйлчилгээ эрхлэгч хураамжийн хэмжээг Үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөлөөр тогтоож, “SuperUp” аппликейшн болон “www.superup.mn” цахим сайтаар ил тод мэдээлнэ.
- 3.5. Үйлчилгээ эрхлэгч үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба нэмэлт, өөрчлөлтийг “SuperUp” аппликейшн болон “www.superup.mn” цахим сайтаар мэдээлсэн өдрөөс 30 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөнө.
- 3.6. Үйлчилгээ эрхлэгч нь гэрээнд заасан үйлчилгээний шимтгэл, хураамжийг тодорхой хугацаанд, эсхүл Харилцагчийн “SuperUp” аппликейшны ашиглалт, лоялти түвшин зэрэгт үндэслэн хөнгөлөх, эсхүл тэглэж болно.
Дөрөв. Зөвшөөрөл ба баталгаа
- 4.1. Үйлчилгээ эрхлэгч нь “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болно.
- 4.2. Үйлчилгээ эрхлэгч нь Харилцагч болон бусад Оролцогчдын байршуулсан мөнгөн хөрөнгийг 100% арилжааны банкинд баталгааны дансанд байршуулж, зөвхөн Оролцогчидтой байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
- 4.3. Үйлчилгээ эрхлэгч нь баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг өөр бусад зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд барьцаалуулахгүй, баталгаа гаргахгүй.
- 4.4. Үнэн зөв мэдэгдэл. Харилцагчаас Үйлчилгээ эрхлэгчид мэдүүлсэн баримт бичиг болон “SuperUp” аппликейшнд оруулсан мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд ямар нэгэн чухал баримт, мэдээллийн талаар худал мэдэгдээгүй, Гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал баримт, мэдээллийг орхигдуулаагүй болохыг Харилцагч үүгээр батлан мэдэгдэж байна. “SuperUp” аппликейшнд бүртгэгдсэн харилцагчийн бүх мэдээлэл нь үнэн зөв бөгөөд мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Харилцагч нь Үйлчилгээ эрхлэгчид тухай бүр мэдэгдэхээ баталж байна.
- 4.5. Зөвшөөрөл. Харилцагч нь “SuperUp” аппликейшнаар Үйлчилгээ эрхлэгчээс цахим төлбөр тооцооны үйлчилгээг авахтай холбогдуулан доорхи нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн болно:
- 4.5.1. Үйлчилгээ эрхлэгчийн цахим төлбөр тооцооны үйлчилгээний болон гэрээ, шимтгэл хураамжийн ерөнхий нөхцөлтэй тус тус танилцсан бөгөөд түүний дагуу үйлчлүүлэх, цахим хэтэвчээс шимтгэл, хураамжийг үл маргах журмаар суутгахыг зөвшөөрч байна.
- 4.5.2. Цахим төлбөр тооцооны гэрээ болон нөхцөл, шимтгэл хураамжийн нөхцөлд орсон өөрчлөлтийн мэдэгдлийг “SuperUp” аппликейшнаар дамжуулан хүлээн авч дагаж мөрдөхөө үүгээр зөвшөөрч байна.
- 4.5.3. Харилцагчийн “SuperUp” аппликейшнд болон Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээ авахаар бусад аппликейшнд оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, нууцлалын төхөөрөмж, биометрийн мэдээллийг уншуулсан зэрэг нь харилцагч өөрөө Үйлчилгээ эрхлэгчид хандан гаргасан баримтын бүрдүүлбэр, холбогдох хүсэлт, мэдэгдэл, зөвшөөрөл, төлбөрийн даалгаварт зурсан албан ёсны баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөрт тооцогдохыг Талууд үүгээр баталгаажуулав.
- 4.5.4. “SuperUp” аппликейшнд болон бусад аппликейшнд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг, нууцлалын төхөөрөмж, биометрийн мэдээлэл зэргийг ашиглан цахим хэтэвчнээс гүйлгээ хийх тохиолдолд Харилцагчийн цахим хэтэвчээс уг гүйлгээний дүнгээр төлбөр тооцоог гүйцэтгэхийг Талууд харилцан зөвшөөрөв.
- 4.5.5. Харилцагч нь өөрийн сонгосон (оруулсан) аливаа дансны мэдээлэл, төлбөрийн үүрэг, түүний зориулалт, төлбөрийн хэмжээ болон бусад шаардлагатай мэдээллийг алдаатай, дутуу, эсхүл үнэн зөв бөглөөгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө дангаар бүрэн хариуцна.
- 4.5.6. Харилцагч нь “SuperUp” аппликейшн болон цахим хэтэвч ашиглах нууцлал, аюулгүй байдлаа өөрөө бүрэн хангах үүрэгтэй бөгөөд өөрийн нууцлал, аюулгүй байдлын тохиргоог өөрчилсөн, алдсанаас үүдэн гарах үр дагаврыг дангаар бүрэн хариуцна.
- 4.5.7. Цахим төлбөр тооцоонд оролцогч талуудын алдаа, системийн доголдол, техникийн саатлаас үүдэн Харилцагчийн цахим хэтэвчийн дансанд давхар болон илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн, данс андуурсан тохиолдолд алдаатай гүйлгээний дүнгээр цахим хэтэвчээс үл маргах журмаар суутган авах, барилт хийхийг Харилцагч үүгээр зөвшөөрч байна.
- 4.5.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Үйлчилгээ эрхлэгч нь цахим төлбөр, тооцооны гүйлгээнд хяналт тавих, гүйлгээний мэдээллийг шалгах, холбогдох шийдвэрүүдийг гаргах, хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах бүрэн эрхтэй болохыг Харилцагч хүлээн зөвшөөрч байна.
- 4.5.9. Харилцагч нь Үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн өөрийн мэдээллийг үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, олон төрлийн үйлчилгээг Харилцагчид санал болгох зорилгоор ашиглуулах, энэ зорилгоор аппликейшны хөгжүүлэгч, эзэмшигчид шилжүүлэх, ашиглуулахыг Үйлчилгээ эрхлэгчид үүгээр зөвшөөрч байна.
- 4.6. Нууц хадгалах. Талууд Гэрээ байгуулснаар нөгөө талынхаа хувийн болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа нууц мэдээллийг шууд буюу шууд бусаар нөгөө талдаа гэм хор учруулахаар ашиглахгүй, Монгол улсын хууль тогтоомж, гэрээнд заасан, эсхүл Харилцагч “SuperUp” аппликейшнаар дамжуулан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Гуравдагч этгээдэд задруулахгүй. Харилцагч нь нэвтрэх нэр, нууц үг, пин кодын хадгалалт аюулгүй байдлаа өөрөө хариуцна. Энэхүү үүргийг Талууд хугацаагүй хүлээнэ.
- 4.7. Үйлчилгээ эрхлэгчээс “SuperUp” аппликейшнаар дамжуулан хүргүүлсэн аливаа мэдэгдэл, гэрээний нэмэлт, өөрчлөлт зэрэг нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд Харилцагч нь “SuperUp” аппликейшнд мэдэгдэл, нэмэлт өөрчлөлттэй танилцсанаар, эсхүл зөвшөөрснөөр тэдгээр баримт бичиг нь энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болохыг Талууд үүгээр харилцан баталгаажуулав.
Тав. Харилцагчийн эрх, үүрэг
- 5.1. Харилцагч дараах эрхтэй:
- 5.1.1. Цахим төлбөр тооцооны үйлчилгээ авах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Үйлчилгээ эрхлэгчээс шаардах;
- 5.1.2. Цахим төлбөр тооцооны үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;
- 5.1.3. Цахим төлбөр тооцооны талаар гомдол, санал гаргах, шийдвэрлүүлэх;
- 5.1.4. Өөрт холбогдох дансны хуулга болон мэдээллийг гаргуулах;
- 5.1.5. Өөрийн цахим хэтэвчинд хийгдсэн гүйлгээний талаарх мэдээллийг гүйлгээ хийгдсэн тухай бүр хүлээн авах;
- 5.1.6. Үйлчилгээний нөхцөл, хураамж шимтгэл, гарын авлага, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээний болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг “SuperUp” аппликейшн, “www.superup.mn” цахим сайт, Харилцагчийн үйлчилгээний төвийн 7700-7979 лавлах утас, 130079 (системээс хүргэх бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх), 137979 (харилцагчаас 24 цагийн хугацаанд мессеж хүлээн авах) тусгай дугаараас хүлээн авах;
- 5.1.7. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц (ПИН) кодоо дурын үед солих;
- 5.1.8. Хууль тогтоомжид заасан бусад эрх;
- 5.2. Харилцагч дараах үүрэгтэй:
- 5.2.1. Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээ үзүүлж буй “SuperUp” аппликейшн, дагалдах бусад аппликейшны нөхцөл, цахим төлбөр тооцооны нөхцөл, энэхүү гэрээ болон Үйлчилгээний хураамж шимтгэлийн ерөнхий нөхцөл, тэдгээрт орсон өөрчлөлттэй танилцсаны үндсэн дээр үйлчилгээ авах;
- 5.2.2. Өөрт болон гүйлгээтэй холбогдолтой мэдээллийг Үйлчилгээ эрхлэгчид үнэн зөв, бүрэн өгөх;
- 5.2.3. Өөрийн мэдээлэл, бүртгэгдсэн гар утасны дугаар зэрэгт өөрчлөлт орсон тухай бүрт “SuperUp” аппликейшнд холбогдох мэдээллийг нэн даруй шинэчлэх, Үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэх, өөрчлөлтийг тэмдэглүүлэх, шаардлагатай тохиолдолд нотлох баримтыг ирүүлэх;
- 5.2.4. Энэхүү гэрээ болон “SuperUp” аппликейшнээр мэдээлэгдсэн цахим төлбөр тооцооны үйлчилгээний болон хураамж, шимтгэлийн нөхцөл, төлбөр тооцооны цагийн хуваарь, санамж, заавар, гарын авлага, мэдэгдэл, хүсэлт, сонголтууд болон бусад мэдээллүүдтэй нарийвчлан бүрэн танилцаж, шаардлагатай тохиолдолд Үйлчилгээ эрхлэгчийн ажилтнаас нэмэлт мэдээлэл авах, эдгээр мэдээлэл, материал болон энэхүү гэрээнд нийцүүлэн үйлчилгээг авах;
- 5.2.5. “SuperUp” аппликейшнаар болон бусад аппликейшнаар дамжуулан цахим хэтэвчийн данснаас гүйлгээ хийхдээ гүйлгээний мэдээлэл (төлбөр хүлээн авагчийн, эсхүл төлбөр нэхэмжлэгчийн нэр, данс, утасны дугаар, social ID, гүйлгээний буюу төлбөрийн дүн, утга гэх мэт)-ийг нягталж шалгасны үндсэн дээр гүйлгээг баталгаажуулах;
- 5.2.6. Нэвтрэх нууц үг, гүйлгээний ПИН код, биометрийн мэдээллээр баталгаажсан аливаа гүйлгээ, үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах;
- 5.2.7. Үйлчилгээ эрхлэгчээс тогтоосон үйлчилгээний нөхцөлийн дагуу цахим хэтэвчинд мөнгөн хөрөнгийг байршуулах, үйлчилгээний хураамж, шимтгэлийг үл маргах журмаар төлөх;
- 5.2.8. “SuperUp” аппликейшнд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үг, ПИН код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй байх, дамжуулсан, задруулснаас үүдэн гарах үр дагаврыг бие даан хариуцах;
- 5.2.9. Нэвтрэх нууц үг, нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, гуравдагч этгээдэд дамжуулсан, алдсан, өөрийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн данстай холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код болон бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, ПИН кодоо солих, Үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэх;
- 5.2.10. Цахим хэтэвчийн аюулгүй байдал, хэрэглэгчийн болон гүйлгээний нууцлалын тохиргоог үүсч болох эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр өөрчлөх, тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
- 5.2.11. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас өөрийн болон мөнгө хүлээн авагчийн утасны болон дансны дугаар, үнийн дүнг буруу оруулж, төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах;
- 5.2.12. Гомдол гаргасан гүйлгээний талаар баримт болон Үйлчилгээ эрхлэгчийн зүгээс шаардсан бусад нотлох баримтыг гаргаж өгөх;
- 5.2.13. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль, журам, зөвлөмжид заасан шаардлагын дагуу гүйлгээний мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах, Үйлчилгээ эрхлэгчийн зүгээс шаардсан гүйлгээтэй холбоотой мэдээллийг заасан хугацааны дотор ирүүлэх;
- 5.2.14. Цахим төлбөр тооцоонд оролцогч талуудын алдаа, системийн доголдол, техникийн саатлаас үүдэн харилцагчийн цахим хэтэвчинд давхар болон илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд давхар болон илүү мөнгөн дүнгээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг ашиглахгүй байх, цахим хэтэвчээс суутгуулах, буцаан шилжүүлэх;
- 5.2.15. Өөрийн ашиглаж буй гар утасны аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, аливаа интернет халдлага, фишинг (хуурамч цахим хаяг) зэргээс сэрэмжилж, өөрийн цахим аюулгүй байдлыг хамгаалах;
- 5.2.16. Хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
Зургаа. Үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
- 6.1. Үйлчилгээ эрхлэгч дараах эрхтэй:
- 6.1.1. Харилцагчийг таньж, баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээний нөхцөлийн дагуу Харилцагчид үйлчилгээ үзүүлэх;
- 6.1.2. Үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөлийн дагуу шимтгэл, хураамжийг Харилцагчийн цахим хэтэвчийн данснаас үл маргах журмаар суутгах, цахим хэтэвчийн үлдэгдэл холбогдох хураамж, шимтгэлийг суутгахад хүрэхгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
- 6.1.3. Үйлчилгээний нөхцөл болон үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөлийг дангаар тогтоох, өөрчлөх;
- 6.1.4. Системийн доголдол, техникийн саатал, төлбөр шилжүүлэгчийн алдаа зэргээс зэргээс үүдэн Харилцагчийн цахим хэтэвчинд давхар болон илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд давхар болон илүү мөнгөн дүнгээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг цахим хэтэвчээс суутгах, барилт хийх, буцаан шилжүүлэхийг шаардах;
- 6.1.5. Цахим хэтэвчний гүйлгээ тус бүрийг хянаж сэжигтэй гүйлгээ гарсан тухай үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд шалгах, хойшлуулах, буцаах, хуулийн дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх;
- 6.1.6. Хууль, хяналтын байгууллагаас оролцогчдын дансаар дамжин аливаа хууль бус гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд Харилцагчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, данснаас хасалт хийх;
- 6.1.7. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд Харилцагчаас нэмэлт мэдээлэл шаардах, мэдээлэл хангалтгүй тохиолдолд гүйлгээг дамжуулахаас татгалзах;
- 6.1.8. Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд харилцагчийн холбогдох мэдээллийг хуульд заасан хүрээнд мэдээлэх, гарган өгөх;
- 6.1.9. Харилцагчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүйгээс учирсан хохирлыг барагдуулахыг шаардах, бүрэн арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
- 6.1.10. Гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах, данс хаах;
- 6.1.11. Хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан бусад эрх.
- 6.2. Үйлчилгээ эрхлэгч дараах үүрэгтэй:
- 6.2.1. Харилцагчийг үнэн зөв мэдээллээр хангах, үйлчилгээний талаар заавар, зөвлөмж өгөх, гарын авлагаар хангах;
- 6.2.2. Үйлчилгээний нөхцөл, энэхүү гэрээнд заасны дагуу Харилцагчийн төлбөр тооцоог үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх;
- 6.2.3. Цахим хэтэвч дэх мөнгөний зарцуулалт, шимтгэл, хураамж болон бусад төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх;
- 6.2.4. Хуульд болон харилцагчтай байгуулсан гэрээнд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр цахим хэтэвчээс зарлагын гүйлгээ хийхгүй байх;
- 6.2.5. Гүйлгээний мэдээллийг харилцагчид “SuperUp” аппликейшнаар, хэрэв харилцагч хүсэлт гаргасан бол үүрэн холбооны мессеж үйлчилгээгээр дамжуулан илгээх;
- 6.2.6. Өөрийн төлбөр тооцоо, бүртгэл, хяналтын системийн тасралтгүй, хэвийн, доголдолгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангах;
- 6.2.7. Харилцагчийн “SuperUp” аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний ПИН кодын нууцлал, аюулгүй байдлыг хангах;
- 6.2.8 Харилцагчийн хүсэлтээр цахим хэтэвчийн гүйлгээ болон үлдэгдлийн талаарх мэдээллийг гаргаж өгөх;
- 6.2.9. Харилцагчийн санал, гомдлыг хүлээн авах, ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор сунгах, гүйлгээтэй холбоотой гомдол, маргааныг төлбөрийн системүүдийн маргаан шийдвэрлэх журмын дагуу шалгах, Харилцагчид хариу мэдэгдэх;
- 6.2.10. Харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад задруулахгүй байх, энэ гэрээнд болон үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх;
- 6.2.11. Харилцагчийн зөвшөөрөлгүй хийгдсэн төлбөрийн үйлчилгээ, эсхүл хийгдсэн байж болзошгүй тухай мэдэгдлийг Харилцагчаас хүлээж авах, баталгаажуулах, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авах, Үйлчилгээ эрхлэгчийн буруугаас гарсан бол учирсан шууд хохирлыг барагдуулах;
- 6.2.12. Хэрэглэгчийн нэвтрэх эрх, дансны мэдээлэл цахим халдлагад өртөж, алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Харилцагчид нэн даруй мэдэгдэж, авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэх, Үйлчилгээ эрхлэгчийн буруугаас Харилцагчид учирсан шууд хохирлыг хариуцан барагдуулах;
- 6.2.13. Үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг “SuperUp” аппликейшн болон “www.superup.mn” цахим сайтаар дамжуулан мэдээлэх, Харилцагчид ил тод харуулах;
- 6.2.14. Оролцогчдын мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээнд заасны дагуу баталгааны дансанд байршуулж, өөр зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд барьцаалуулахгүй, баталгаа гаргахгүй байх;
- 6.2.15. Хууль болон гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
Долоо. Данс хаах, гэрээ цуцлах
- 7.1. Үйлчилгээ эрхлэгч нь дараах тохиолдолд Харилцагчийн цахим хэтэвчийн дансыг хааж, гэрээг цуцална:
- 7.1.1. Үйлчилгээ эрхлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь зөрчигдөхөөргүй бол Харилцагчийн хүсэлтээр;
- 7.1.2. Харилцагч хуурамч мэдээлэл, бичиг баримт мэдүүлсэн, худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол Үйлчилгээ эрхлэгчийн санаачилгаар;
- 7.1.3. Харилцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол Үйлчилгээ эрхлэгчийн санаачилгаар;
- 7.1.4. Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.
- 7.2. Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээг хэдийд ч цуцлах, дуусгавар болгох эрхтэй.
- 7.3. Гэрээ цуцлагдсан нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх үед Талуудын хооронд үүссэн үүргийг биелүүлэхгүй байх, буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нөгөө Талд учруулсан хохирлыг нөхөн төлөхгүй байх үндэслэл болохгүй.
- 7.4. Харилцагч нь Үйлчилгээ эрхлэгчээс тогтоосон хугацаанд харилцагчийг танихад шаардлагатай мэдээллийг баталгаажуулаагүй, эсхүл цахим хэтэвчээр төлбөр тооцоо хийгээгүй, үйлчилгээний хураамжийг төлөөгүй тохиолдолд гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлэх ба шаардлагатай тохиолдолд гэрээг цуцалж, цахим хэтэвчийн дансыг хааж болно.
- 7.5. Харилцагч нь Үйлчилгээ эрхлэгчээс тогтоосон шимтгэл, хураамж болон бусад үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Үйлчилгээ эрхлэгчид аливаа төлөгдөх төлбөрийн үүрэггүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй.
Найм. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл
- 8.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, сүлжээний хэвийн ажиллагааны горимоос хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, ханган нийлүүлэгч, эсхүл энэхүү гэрээгээр үзүүлэх үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернет, тог цахилгааны тасалдал зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тэдгээрийн хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй шалтгаануудыг ойлгоно.
- 8.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө талдаа мэдэгдэнэ. Энэ тохиолдолд үүргийн зөрчил гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлогдоно.
Ес. Хариуцлага
- 9.1. Талуудын аль нэг нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан бодит хохирол, зардлыг бүрэн хариуцна.
- 9.2. Харилцагч нь дараах үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас учирсан хохирол, зардлыг өөрөө хариуцна. Үүнд:
- 9.2.1. Харилцагч нь энэхүү гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй;
- 9.2.2. Үйлчилгээний болон гэрээний нөхцөлийг мөрдөөгүй;
- 9.2.3. Үйлчилгээг ашиглахдаа санаатай болон санамсаргүй шалтгаанаар өөрийн болон гүйлгээний мэдээллийг алдаатай, буруу оруулсан, шаардлагатай мэдээллийг баталгаажуулаагүй;
- 9.2.4. Гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн.
- 9.3. Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний тасалдал, техникийн саатал үүссэн, харилцагчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, Үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, харилцагч цахим хэтэвчийн цэсийг буруу ашигласан, холбогдох баримт бичиг, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирол, зардлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.
- 9.4. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тал нь энэ тухайгаа нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Арав. Бусад зүйл
- 10.1. Энэхүү гэрээ, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Харилцагч хүлээн зөвшөөрч, “SuperUp” аппликейшнаар дамжуулан баталгаажуулснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнд тооцно.
- 10.2. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичиг, хүсэлтийг Талууд “SuperUp” аппликейшнаар дамжуулан нөгөө Талд хүргэснээр, эсхүл Харилцагч Үйлчилгээ эрхлэгчийн албан ёсны хаягаар хүргэснээр хүлээн авсан буюу танилцсан гэж үзнэ.
10.3. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН