ЦАХИМ ЗЭЭЛИЙН ЭРХ НЭЭХ ГЭРЭЭ

Энэхүү ЦАХИМ ЗЭЭЛИЙН ЭРХ НЭЭХ ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн,
Нэг талаас, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж-34, Сувд төв, 201 тоот хаягт орших “ЛэндМН ББСБ” ХХК (цаашид “Үйлчилгээ эрхлэгч” гэх), Нөгөө талаас ______________________-ны ______________________ (Регистрийн дугаар: ___________________) (цаашид “Зээлдэгч” гэх, Зээлдүүлэгчтэй эрхлэгчтэй хамтад нь “Талууд” гэх) нар харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр байгуулав.

Нэг. Нэр томьёо

Энэхүү Гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

  • 1.1. Зээлдүүлэгч гэж ЛэндМН ББСБ ХК-ийг болон түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэхүү Гэрээний эрх, үүргийг олгосон Зээлийн хэмжээгээр шилжүүлэн авсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
  • 1.2. Аппликейшн гэж Зээлдэгч ухаалаг гар утас, бусад төхөөрөмжид татан авч, хэрэглэгчээр бүртгүүлэн, олон төрлийн Зээлийн бүтээгдэхүүнээс сонгон Цахим зээлийн хүсэлт гаргах, Зээл авах, эргэн төлөх, цахим хэтэвч нээх, цахим хэлбэрээр гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх, бусад санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ авах зориулалт бүхий “LendMN”, эсхүл “SuperUp” нэртэй цахим программ хангамжийг;
  • 1.3. Цахим зээлийн хүсэлт гэж Зээлдэгч Аппликейшнаар дамжуулан Зээлдүүлэгчээс Зээл авах хүсэл зоригоо илэрхийлэн шаардлагатай мэдээллийг өөрөө оруулж, Цахим зээлийн эрх нээлгэхээр хүсэлт гаргасныг, эсхүл зээлийн гэрээ байгуулсан Зээлийн эрх бүхий Зээлдэгчийн хувьд Зээлдүүлэгчийн Зээлийн бүтээгдэхүүн, хэмжээ, хугацаа, эргэн төлөх нөхцөл зэргийг сонгон Зээл авахаар хүсэлт илгээснийг;
  • 1.4. Зээлийн бүтээгдэхүүн гэж Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид тавих шалгуур, Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөх нөхцөл зэргээр ялгамжтай тогтоон Зээлдэгчид санал болгож буй Зээлдүүлэгчийн зээлийн төрлийг;
  • 1.5. Цахим зээл, эсхүл Зээл гэж Зээлдүүлэгчид илгээсэн Зээлдэгчийн Цахим зээлийн хүсэлтийг үндэслэн Зээлдүүлэгчээс Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчийн баталгаажсан банкны дансанд, түүний цахим хэтэвчинд, төлбөрийн картанд, эсхүл Зээлдэгчийн сонгосон бусад этгээдэд шилжүүлэн олгосон, эргэн төлөх нөхцөлтэй мөнгөн хөрөнгийг;
  • 1.6. Кредит скор гэж Олон улсын стандарт, тусгай аргачлал, Зээлдүүлэгчийн дотоод дүрэм, журам, аргачлалын дагуу Зээлдэгчийн санхүүгийн байдал, Зээл эргэн төлөх чадавхийг үнэлж, тогтоосон Зээлдэгчийн Зээлийн эрсдэлийн үнэлгээг;
  • 1.7. Зээлийн эрх гэж Зээлдэгчийн Кредит скор, бусад мэдээлэлд үндэслэн тогтоогдсон Зээлдэгчид олгох боломжтой нийт Зээлийн дээд хэмжээг;
  • 1.8. Зээлийн дэд эрх гэж Зээлийн эрхийн хүрээнд Зээлийн бүтээгдэхүүн, зориулалт, хугацаа зэргээс хамаарсан, Цахим зээлийн хүсэлт гаргах үед нэг удаад Зээлдэгчид олгох боломжтой Зээлийн дээд хэмжээг;
  • 1.9. Зээлийн төлбөр гэж Зээлийн үндсэн төлбөр, Зээлийн шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүүг;
  • 1.10. Зээлийн шимтгэл гэж Зээлдэгчийн Зээлийн эрхийн хэмжээний хүрээнд Зээл олгож, үйлчилгээ үзүүлсний төлөө Зээлдэгчээр төлүүлж буй Зээлийн хэмжээнд үндэслэн тооцсон мөнгөн дүн буюу үйлчилгээний төлбөрийг;
  • 1.11. Хураамж гэж Зээлдэгчид Зээл, түүнтэй холбогдох бусад үйлчилгээ үзүүлж буйн төлөө Зээлдэгчээр төлүүлж буй тогтмол мөнгөн дүнг;
  • 1.12. Зээлийн хүү гэж Зээлдэгч хүүтэй Зээлийн бүтээгдэхүүн сонгосон тохиолдолд Зээлийг ашигласан хугацаанд, Зээлийн үлдэгдэлд тогтоосон хувь хэмжээгээр тооцож Зээлдэгчээс Зээлдүүлэгчид төлөх хариу төлбөрийг;
  • 1.13. Зөвшөөрөх үйлдэл гэж Зээлдэгч нь Зээлдүүлэгчид хандан Зээлийн бүтээгдэхүүн сонгох, Цахим зээлийн хүсэлт илгээх, Зээл авах, эргэн төлөх болон бусад холбогдох үйлдлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлэхийн тулд Аппликейшн дотор, эсхүл бусад цахим сувгаар гүйцэтгэх энэхүү гэрээний 9.2-т заасан болон тийнхүү гүйцэтгэхээр Аппликейшн дээр, эсхүл бусад хэлбэрээр хийж буй Зээлдэгчийн үйлдлийг;
  • 1.14. Эргэн төлөх хуваарь гэж Зээлдэгчийн Зээлдүүлэгчээс авсан Зээлийн нөхцөлд заасан Зээлийн төлбөрийг эргэн төлөх огноо, мөнгөн хөрөнгийн дүнг тогтоосон хуваарийг;
  • 1.15. Оператор гэж Зээлдүүлэгч Аппликейшнаар дамжуулан зээлийн үйлчилгээг Зээлдэгчид үзүүлэхэд холбогдох програм хангамж, шаардлагатай нэмэлт үйлчилгээгээр Талуудыг хангах, Аппликейшн болон түүнтэй холбогдох программ хангамжийн оюуны өмчийг эзэмшигч этгээдийг;
  • 1.16. Цахим хэтэвч гэж Зээлдэгчийн Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээ, үйлчилгээний нөхцөлийн үндсэн дээр Аппликейшнаар дамжуулан үүсгэсэн, мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх Зээлдэгчийн цахим дансыг;
  • 1.17. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гэж холбогдох хууль, тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, Зээлдэгчид Цахим хэтэвч нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;
  • 1.18. Зээлдэгчийн мэдээлэл гэж энэхүү Гэрээний 6.1-т заасныг;
  • 1.19. Төлбөрийн карт гэж Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч этгээд (дангаар эсхүл гуравдагч этгээдтэй хамтран)-ээс олон улсад зөвшөөрөгдсөн стандарт, эсхүл Монголбанкны шаардлагын дагуу гаргасан, Зээлдэгч Зээлдүүлэгчээс олгох зээл, зээлийн эрхийг хүлээн авах, худалдан авалт, төлбөр тооцоо гүйцэтгэх төлбөрийн хэрэгслийг.

Хоёр. Ерөнхий нөхцөл

  • 2.1. Энэхүү Гэрээгээр Зээлдүүлэгч Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид Зээлийн бүтээгдэхүүн санал болгох, Зээлийн эрх, дэд эрх нээх, нээсэн эрхийн хэмжээнд Зээл олгох, Зээлдэгч нь Зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх, тэдгээртэй холбоотой бусад үйлчилгээ (цаашид “зээлийн үйлчилгээ” гэх) үзүүлэхэд Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • 2.2. Зээлдэгч өөрийн хүсэл зоригийн дагуу Аппликейшнд харилцагчаар бүртгүүлж, Зээлийн эрх нээх шалгуурыг ханган, Зээлдүүлэгчээс Зээлдэгчид энэхүү Гэрээний дагуу Зээлийн эрх, Зээлийн дэд эрхийг нээснээр Талуудын энэхүү Гэрээний дагуу хүлээх эрх, үүргийн харилцаа үүсэх буюу Зээлдэгч Цахим зээлийн хүсэлт гаргах эрхтэй болно.
  • 2.3. Зээлдүүлэгч нь Оператортой байгуулсан гэрээний үндсэн дээр Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид энэхүү Гэрээнд заасны дагуу зээлийн үйлчилгээг үзүүлж болох ба Оператор нь Зээлдэгчид хялбар бөгөөд найдвартай аргаар өөрийн санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэх, удирдах бүх талын боломж олгохоор хүчин чармайлт гарган ажилладаг этгээд болно.
  • 2.4. Зээлдэгч нь энэхүү Гэрээг байгуулснаар Зээлдүүлэгчтэй цаашид Аппликейшнаар дамжуулан харилцана гэдгээ бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд энэхүү Гэрээний үндсэн дээр Зээлдүүлэгчээс санал болгож буй аливаа үйлчилгээ, Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг сайтар уншиж танилцан, бүрэн ойлгосны дараа Зөвшөөрөх үйлдэл хийх үүрэгтэй.
  • 2.5. Зээлдэгч нь Аппликейшнд байрласан ЛэндМН ББСБ ХК-иас бусад Зээлдүүлэгчийн Зээлийн бүтээгдэхүүнээс сонгон Цахим зээлийн хүсэлт илгээх, шалгуур хангасан тохиолдолд Зээл авах боломжтой байна. Энэ тохиолдолд ЛэндМН ББСБ ХК-ийн энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг тухайн Цахим зээлийн хүсэлтийг хүлээн авсан буюу Зээл олгосон Зээлдүүлэгчид тийнхүү олгосон Зээлийн хэмжээгээр шилжинэ.

Гурав. Зээлийн нөхцөл

  • 3.1. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн Цахим зээлийн хүсэлтийг үндэслэн, өөрийн тогтоосон журам, нөхцөлийн дагуу энэхүү Гэрээний 3.3-3.11-т заасан нөхцөл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Зээлдэгчид Зээл олгоно.
  • 3.2. Зээлдүүлэгч Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах, шинээр Зээлийн бүтээгдэхүүн болон санхүүгийн үйлчилгээг санал болгох тохиолдолд Зээлдэгчид Аппликейшн, эсхүл өөрийн вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.
  • 3.3. Зээлийн эрх
    • 3.3.1. Зээлдүүлэгч нь Аппликейшнд Зээлдэгчийн оруулсан мэдээлэл, илгээсэн Цахим зээлийн хүсэлтэд үндэслэн Кредит скор тооцоолж, шалгасны үндсэн дээр шалгуур хангасан Зээлдэгчид өөрийн баталсан Зээлийн бүтээгдэхүүн, түүний нөхцөлийн дагуу Зээлийн эрх нээнэ.
    • 3.3.2. Зээлийн эрхийн доод хэмжээ нь 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, дээд хэмжээ нь Зээлдүүлэгчээс баталсан Зээлийн бүтээгдэхүүний дээд хэмжээ байна.
    • 3.3.3. Зээлийн эрхийн хүрээнд Зээлийн дэд эрх нь тухайн Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, Зээлдэгчийн Зээлийн эрхийн хэмжээн дээр үндэслэн тогтоогдох ба Зээлийн дэд эрхийн доод хэмжээ нь 50,000 /тавин мянга/ төгрөг байна. Зээлдэгчийн Зээлийн дэд эрхийг Гэрээний 4.5-д заасны дагуу нэмэгдүүлнэ.
    • 3.3.4. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн Зээлийн эрхийн ашиглалт, авсан Зээл, түүний эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, бусад нэмэлт мэдээлэлд үндэслэн Зээлдэгчийн Зээлийн эрх болон дэд эрхийн хэмжээг тогтмол хянаж нэмэгдүүлэх, эсхүл бууруулан тогтоож болно.
    • 3.3.5. Зээлдүүлэгч нь Зээлдэгчид Зээлийн эрх нээсэн, Зээл олгосон, Зээлийн эрхийн хэмжээг өөрчилсөн тухай бүрт Зээлийн эрх, Зээлийн дэд эрхийн хэмжээг Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид мэдэгдэх буюу харуулах ба уг хэмжээг энэхүү Гэрээний дагуу Зээлдүүлэгчээс Зээлдэгчид олгосон Зээлийн эрхийн хэмжээ гэж үзнэ.
    • 3.3.6. Зээлдэгч нь Зээлдүүлэгчид хүсэлт гарган өөрийн Зээлийн эрхийг түр хаалгах, эсхүл буцаан сэргээлгэж болно. Зээлийн эрхийг ийнхүү түр хаах хүсэлт гаргасан нь энэхүү Гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд Зээлдэгч хүсэлтээ гаргаснаар Зээлдүүлэгч түүний эрхийг сэргээж болно.
  • 3.4. Цахим зээлийн хүсэлт
    • 3.4.1. Зээлдэгч нь гагцхүү өөрийн хүсэл зоригийн дагуу Аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлж, Зээлийн эрх нээх шалгуурыг ханган, Зээлдүүлэгчээс Зээлдэгчид энэхүү гэрээний дагуу Зээлийн эрх, дэд эрх нээснээр, Зээлдэгч Зээл авах эрх үүсэх буюу Цахим зээлийн хүсэлт илгээх эрхтэй болно.
    • 3.4.2. Зээлдэгч нь Аппликейшнд байрласан Зээлийн бүтээгдэхүүн болон түүний нөхцөлтэй бүрэн танилцах ба тийнхүү танилцсан ч ойлгохгүй, эсхүл нэмж тодруулах зүйл байвал Аппликейшнд заасан утасны дугаар, эсхүл хаягаар холбогдож тодруулга авах замаар бүрэн танилцсаны үндсэн дээр Зөвшөөрөх үйлдэл хийх үүрэгтэй.
    • 3.4.3. Зээлдэгчийн хийсэн Аппликейшн, бусад төхөөрөмжөөр дамжуулан, Зөвшөөрөх үйлдэл хийн илгээсэн Цахим зээлийн хүсэлтийг Зээлийн бүтээгдэхүүнтэй бүрэн танилцаж, түүний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гаргасан хүсэлт гэж үзнэ.
  • 3.5. Зээлийн хэмжээ
    • 3.5.1. Зээлдэгч Зээл авах тухай бүр Зээлийн хэмжээг Аппликейшнаас Зөвшөөрөх үйлдэл хийж сонгоно.
    • 3.5.2. Зээлдэгчид олгох Зээлийн доод хэмжээ нь 50,000 /тавин мянга/ төгрөг байх ба дээд хэмжээ нь Зээлдэгчийн сонгосон Зээлийн бүтээгдэхүүний дээд хэмжээ болон Зээлдэгчийн Зээлийн эрхийн хэмжээгээр хязгаарлагдана.
    • 3.5.3. Зээлдэгчид олгосон Зээлийн хэмжээ буюу Зээлийн мөнгөн дүн энэхүү Гэрээний 3.8-д заасны дагуу тодорхойлогдоно.
  • 3.6. Зээлийн хугацаа
    • 3.6.1. Зээл нь Зээлдүүлэгчээс санал болгох Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөс хамаарч өөр өөр хугацаатай байж болох ба Зээлийн доод хугацаа нь 7 хоног, дээд хугацаа нь Зээлдэгчийн сонгосон Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд заасан дээд хугацаагаар тодорхойлогдоно.
    • 3.6.2. Зээлдэгчид олгосон Зээлийн хугацаа нь Зээлдэгчийн энэхүү Гэрээний дагуу Аппликейшнаар дамжуулан Зээлдүүлэгчид илгээсэн Цахим зээлийн хүсэлтийн дагуу баталгаажиж, олгосон Зээлийг бүрэн эргэн төлөхөөр заасан хугацаа байна.
    • 3.6.3. Зээлдүүлэгч нь энэхүү Гэрээний 3.6.1-т заасан Зээлийн хугацааг бие даан өөрчлөн тогтоож болно.
  • 3.7. Зээлийн шимтгэл, хураамж, хүү
    • 3.7.1. Зээлдэгч нь Зээлийн үйлчилгээ үзүүлсний шимтгэл, хураамжийг Зээлдүүлэгчид төлнө.
    • 3.7.2. Зээлдэгч нь Гэрээнд заасны дагуу хүүтэй Зээлийн бүтээгдэхүүн сонгосон бол зээлийг ашигласан хугацаанд, зээлийн нөхцөлд заасны дагуу Зээлдүүлэгчид зээлийн хүү төлнө.
    • 3.7.3. Зээлдэгчийн тухайн Зээлд төлөх шимтгэл, хураамж нь Зээлийг ашигласан хугацаанаас үл хамаарах бол, Зээлийн хүү нь Зээлийг ашигласан хугацаанаас хамаарах бөгөөд Зээлийн шимтгэл, хураамж, хүү нь Зээлдэгчийн Кредит скор, Зээлийн эрх, дэд эрх, Зээлийн хэмжээ, Зээлийн хугацаа, эргэн төлөлт зэргээс хамааран Аппликейшнд тооцоологдсон дүн байна.
    • 3.7.4. Зээлдэгчийг Зээл авахаар Зөвшөөрөх үйлдэл хийн Цахим зээлийн хүсэлт илгээх бүрт Аппликейшнд тухайн зээлд Зээлдэгчийн төлөх шимтгэл, хураамж, хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч нь Цахим зээлийн хүсэлтийг Зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулан илгээснээр Зээл болон тэдгээрт ногдох зээлийн шимтгэл, хураамж, хүүг өөрийн баталгаажуулсан Зээлийн хугацааны дотор үл маргалдах журмаар эргэн төлөхийг Зээлдүүлэгчтэй тохиролцож, зөвшөөрсөн болно.
  • 3.8. Зээлийн барьцаа
    • 3.8.1. Зээлдүүлэгч нь Зээлдэгчтэй тусгайлан тохирсон, эсхүл барьцаа шаардах Зээлийн бүтээгдэхүүнийг Зээлдэгч сонгосноос бусад тохиолдолд Зээл нь барьцаагүй болно.
    • 3.8.2. Зээлдүүлэгч нь Зээлдэгч энэхүү Гэрээгээр хүлээсэн Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардлагыг хангах баталгаа болгон зарим төрлийн Зээлийн бүтээгдэхүүнд Зээлдэгчээс барьцаа шаардаж болно.
    • 3.8.3. Зээлдэгч Зээлдүүлэгчтэй хамтрагч буюу нийлүүлэгч байгууллагаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авах зориулалтаар Зээл авсан бөгөөд барьцааны зүйл болох боломжтой бол Зээлээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, түүний эрх нь Зээлийн барьцаа болно.
    • 3.8.4. Энэхүү гэрээний 3.8.3-т зааснаас бусад тохиолдолд Зээлийн барьцаанд тавигдах нөхцөл, шаардлагыг Зээлдэгч нь барьцаа шаардах Зээлийн бүтээгдэхүүн сонгон, Цахим зээлийн хүсэлт гаргах үед Зээлдэгчид мэдэгдэнэ.
    • 3.8.5. Зээлдэгч өөрийн өмчлөлийн, бусдад барьцаалуулаагүй, гуравдагч этгээдийн шаардлага үүсээгүй, хэвийн эдэлгээтэй хөрөнгийг Зээлдүүлэгчид барьцаалуулна.
    • 3.8.6. Барьцаагаар хангагдах үүрэг буюу Зээлдүүлэгчийн шаардлага нь Зээлдэгчийн энэхүү Гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг буюу үндсэн зээл, зээлийн шимтгэл, хураамж, хүү болон хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой гарсан баримтаар нотлогдох зардал болон хохирлын хэмжээгээр тодорхойлогдоно.
    • 3.8.7. Барьцааны хугацаа нь Зээлдэгч Цахим зээлийн хүсэлт илгээн Зээл авсан өдрөөс эхэлж, Зээлийн төлбөрөө бүрэн төлөх, эсхүл барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах хүртэл хугацаагаар тодорхойлогдоно.
    • 3.8.8. Зээлдэгч нь энэхүү Гэрээний 3.8.4-т заасан нөхцөлтэй бүрэн танилцаж, барьцааны мэдээлэл (төрөл, нэр, өмчлөл, үнэлгээ, ашигласан хугацаа, бүртгэлийн дугаар, зураг зэрэг)-ийг Аппликейшнд бүрэн гүйцэд оруулж, үнэн зөв мэдэгдэл, баталгааг гаргасны үндсэн дээр Цахим зээлийн хүсэлтээ Зээлдүүлэгчид илгээсэн буюу Зээлдүүлэгч Зээл олгосноор барьцаа үүснэ.
    • 3.8.9. Зээлдүүлэгч нь барьцааны зүйлтэй холбогдон үүссэн барьцааны мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлийн байгууллага, түүний цахим мэдээллийн санд бүртгүүлэх ба холбогдох зардлыг Зээлдэгч хариуцна.
    • 3.8.10. Зээлдүүлэгч нь Зээлдэгчээс барьцааны зүйлийг даатгуулах, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын нөхөн төлбөрөөс Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж болох ба даатгалтай холбогдон гарах зардлыг Зээлдэгч бүрэн хариуцна.
    • 3.8.11. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн Цахим зээлийн хүсэлтийг хүлээн авч түүнд Зээл олгосон бол тухайн барьцааны зүйлтэй холбогдох барьцааны гэрээг энэхүү Гэрээний 3.8.1-3.8.10-т заасан нөхцөлийн дагуу бичгээр хийсэнд тооцох ба Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон Зээлийн бүтээгдэхүүнд заасан нөхцөлийг Талууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхээ үүгээр баталгаажуулав.
  • 3.9. Зээл олгох
    • 3.9.1. Зээлдэгч нь Зээлийн эрхийн хүрээнд Зээлдүүлэгчээс санал болгох Зээлийн бүтээгдэхүүнийг сонгож, Цахим зээлийн хүсэлт илгээн олон давтамжтай Зээл авах эрхтэй.
    • 3.9.2. Зээлдэгчид олгох Зээлийн мөнгөн дүн нь Аппликейшн дахь Зээлийн бүтээгдэхүүнээс Зээлдэгч өөрөө сонголт хийж, түүнд олгосон Зээлийн дэд эрхийн хүрээнд Зөвшөөрөх үйлдэл хийн Цахим зээлийн хүсэлт илгээсний дагуу Зээлдүүлэгчээс баталгаажуулсан дүн байна.
    • 3.9.3. Зээлийн мөнгөн дүнг Зээлдүүлэгч нь Аппликейшнд баталгаажсан Зээлдэгчийн банкны дансанд, түүний цахим хэтэвчинд, төлбөрийн картанд, эсхүл Зээлдэгчийн сонгосон бусад этгээдэд шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлсэн өдрөөр Зээлийг олгосонд тооцно.
    • 3.9.4. Зээлдэгчийн банкны данс, төлбөрийн картанд хүлээн авах Зээлийн мөнгөн дүн Монголбанкнаас тогтоосон банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаараас давсан тохиолдолд зээлийн мөнгөн дүнг хуваан шилжүүлж болно.
    • 3.9.5. Зээлдэгч нь Зээлдүүлэгчтэй хамтрагч буюу нийлүүлэгч байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зориулалтаар Зээл авсан бол Зээлдүүлэгч тухайн Зээлийг Зээлдэгчийн хүсэлт, Зөвшөөрөх үйлдлийг үндэслэн нийлүүлэгч байгууллагад шилжүүлж болох ба ийнхүү шилжүүлсэн өдрөөр Зээлийг олгосонд тооцно.
    • 3.9.6. Зээлдэгч 24/7 буюу 7 хоногийн бүх өдрүүдэд хоногийн 24 цагийн аль ч хугацаанд шаардлагатай үедээ Аппликейшнаар Цахим зээлийн хүсэлтийг илгээх замаар Зээлийн дэд эрхийн хүрээнд олон удаагийн давтамжтайгаар зээл авч болох ба Зээл олгогдох хугацаа Зээлдэгчээс Зээлдүүлэгчид Цахим зээлийн хүсэлт илгээснээс хойш 5 минутаас хэтрэхгүй. Зээлийн гүйлгээг шилжүүлэх, дамжуулах, хүлээн авах банк болон Зээлдүүлэгчээс хамаарахгүй бусад гэнэтийн саатал гарсан тохиолдолд дээрх хугацаа зөрчигдөж болно.
    • 3.9.7. Зээлдэгч Аппликейшнд мэдүүлсэн, эсхүл сонгосон Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд заасан зориулалтаар Зээлийг ашиглана.
  • 3.10. Зээлийн эргэн төлөх нөхцөл
    • 3.10.1. Зээлдэгч авсан Зээлээ тухайн Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн дагуу, Цахим зээлийн хүсэлтэд сонгож, Зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулсан Зээлийн хугацаа, эргэн төлөх хуваарь, мөнгөн дүнгээр, холбогдох Зээлийн шимтгэл, хураамж болон хүүгийн хамт эргүүлэн төлнө.
    • 3.10.2. Зээлдэгч энэхүү Гэрээнд заасны дагуу Цахим зээлийн хүсэлт илгээснээр Зээлийн хугацаа, эргэн төлөх нөхцөл, эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба энэхүү Гэрээнд заасны дагуу Зээлийн олголт хийсэн өдрөөс эхлэн Зээлийн хугацааг тооцно.
    • 3.10.3. Зээлдэгчийн сонгосон Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хугацаанаас нь өмнө төлсөн нь Зээлийн шимтгэл, хураамж болон Зээл ашигласан хугацаанд ногдох хүү төлөх нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй болно.
    • 3.10.4. Зээлийг хэсэгчлэн төлөх тохиолдолд нэг удаад эргэн төлөх төлбөрийн доод хэмжээ 1,000 (нэг мянга) төгрөг байна.
    • 3.10.5. Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийг Аппликейшнаар дамжуулан өөрийн цахим хэтэвчээс төлнө. Шаардлагатай тохиолдолд Аппликейшнд байрлах зааврын дагуу Зээлдүүлэгчийн банкин дахь дансанд бэлэн бусаар шилжүүлж төлж болох ба Гэрээний 3.10.6-д зааснаас бусад тохиолдолд Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн хийсэн Зээлийн төлбөрийг хүлээн авсан өдрөөр Зээлийн эргэн төлөлт хийгдсэнд тооцно.
    • 3.10.6. Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийг хийхдээ Аппликейшнд байрлах зааврыг дагаж мөрдөөгүйгээс гүйлгээ алдаатай хийгдэж, түүнийг залруулах тохиолдолд Зээлдүүлэгч Зээлийн төлбөрийг хүлээн авч, холбогдох залруулгыг хийсэн өдрөөр Зээлийн эргэн төлөлт хийгдсэнд тооцно.
    • 3.10.7. Зээлдэгч Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж, хүү, үндсэн Зээл гэсэн дарааллаар төлж барагдуулна.
    • 3.10.8. Зээлдэгч энэхүү Гэрээний дагуу олгосон Зээлийн эрх, дэд эрхийн хүрээнд хэд хэдэн Зээлийн бүтээгдэхүүн сонгон Зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийхдээ зээлийн данс заагаагүй тохиолдолд Зээлдэгчийн төлсөн Зээлийн төлбөрийг аль үүргийн гүйцэтгэлд түрүүлж хангах дарааллыг Зээлдүүлэгч дангаар, шаардлагатай бол Оператортой хамтран тогтооно.
  • 3.11. Зээлийн хугацаа сунгах нөхцөл
    • 3.11.1. Зээлдэгч Зээлийн хугацааг сунгах хүсэлтэй бол энэ тухай хүсэлтээ Зээлдүүлэгчээс тогтоосон хугацааны дотор Аппликейшнаар дамжуулан Зээлдүүлэгчид илгээж, ашиглаж буй Зээлийн шимтгэл, хураамж, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлснөөр Зээлийн хугацааг сунгаж болно. Зээлийн хугацааг сунгах нөхцөл, хугацаа, давтамж зэргийг Зээлдүүлэгч дангаар шийдвэрлэнэ.
    • 3.11.2. Хугацаа сунгагдсан Зээлд сунгасан хугацаанд Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн дагуу шимтгэл, хураамж, хүү тооцогдох бөгөөд Зээлдэгч энэхүү Гэрээний 3.11.1-т заасны дагуу Зээлийн эргэн төлөх хугацаа, нөхцөлийг Аппликейшн дотроос сонгон, Зөвшөөрөх үйлдэл хийн баталгаажуулж, Зээлийн хугацааг сунгах хүсэлтийг Зээлдүүлэгчид илгээснээр сунгасан хугацаанд төлөх Зээлийн шимтгэл, хураамж, хүү, эргэн төлөх хугацаа, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • 3.11.3. Зээлийн хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь ирүүлээгүй, ашиглаж буй Зээлийн шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй, эсхүл ашиглаж буй Зээлийн хэмжээ 30,000 төгрөгөөс доош үлдэгдэлтэй бол Зээлийн хугацааг сунгахгүй.

Дөрөв. Урамшуулал

  • 4.1. Зээлдэгчийн Зээлийн сахилга бат, үнэнч хэрэглээг урамшуулан Зээлдүүлэгч Аппликейшнаар дамжуулан урамшууллын оноо олгож болно.
  • 4.2. Зээлдэгчид урамшууллын оноо тооцож олгох, түүнийг ашиглах бодлого, аргачлалыг тодорхойлох, Зээлдэгчид урамшууллын оноо олгох, эс олгох, сөрөг (хасах) оноо тооцох, олгогдсон оноог бууруулах, цуцлах зэрэг шийдвэрийг Зээлдүүлэгч дангаар гаргана.
  • 4.3. Урамшууллын оноо тооцоолох суурь үзүүлэлт нь Зээлдэгчийн Зээл ашигласан хоног, хугацаандаа эргэн төлсөн байдал, Зээлдүүлэгчийн бусад үйлчилгээ, санал, хөтөлбөрийн ашиглалт зэрэг байж болно.
  • 4.4. Зээлийн хугацааг сунгасан тохиолдолд тухайн Зээлийн үндсэн хугацааны урамшууллын оноо тооцогдохгүй.
  • 4.5. Зээлдэгч урамшууллын оноог Зээлийн дэд эрхийн хэмжээг нэмэгдүүлэх, эсхүл Зээлийн шимтгэл, хураамж, хүүг бууруулах, Зээлдүүлэгчээс санал болгох бусад үйлчилгээ зэрэгт ашиглаж болох ба урамшууллын оноог ашиглуулах нөхцөлийг Зээлдүүлэгч дангаар тогтооно
  • 4.6. Зээлдэгч Зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн бол Зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн хоногоос хамааруулан сөрөг (хасах) оноо тооцож, хуримтлагдсан оноог харгалзан хүчингүй болгох, эсхүл хуримтлагдсан урамшууллын оноог тэглэж болно.

Тав. Эрх, үүрэг шилжүүлэх

  • 5.1. Аппликейшнд хэд хэдэн Зээлдүүлэгч өөрийн Зээлийн бүтээгдэхүүнийг байршуулан Зээлдэгчид санал болгох тохиолдолд Зээлдэгч өөрийн хэрэгцээнд тулгуурлан, тэдгээрээс сонгон Зээл авах боломжтой байна
  • 5.2. Зээлдэгч ЛэндМН ББСБ ХК-аас өөр банк, эрх бүхий хуулийн этгээдийн санал болгож буй Зээлийн бүтээгдэхүүнийг сонгож, Зөвшөөрөх үйлдлийг хийн Цахим зээлийн хүсэлт илгээснээр ЛэндМН ББСБ ХК-д энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдэгчийн Цахим зээлийн хүсэлтийг хүлээн авч, түүнд Зээл олгох этгээдэд тухайн Зээлийн хугацаанд, олгосон Зээлийн хэмжээгээр шилжүүлэхийг үүгээр бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.
  • 5.3. Зээлдэгч нь түүнд Зээл олгосон Зээлдүүлэгчийн өмнө энэхүү Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэх үүрэгтэй.
  • 5.4. Зээлдэгч нь хэд хэдэн Зээлдүүлэгчээс Зээл авсан бол Зээлдүүлэгч тус бүрийн өмнө энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ба Зээлдүүлэгч тус бүр энэхүү Гэрээний Зээлдүүлэгчийн эрх, үүргийг олгосон Зээлийн хэмжээгээр хэрэгжүүлнэ.
  • 5.5. Зээлдүүлэгч нь Зээлдэгчид олгосон болон олгох Зээлтэй холбогдох үйлчилгээ буюу Зээлдэгчтэй харилцах аливаа үйлчилгээ, чиг үүргээ Оператор болон бусад гуравдагч этгээдэд шилжүүлж, эсхүл туслан гүйцэтгүүлж болохыг Зээлдүүлэгч үүгээр бүрэн зөвшөөрч байгаа болно.
  • 5.6. Зээлдүүлэгч нь энэхүү Гэрээнд заасан эрх, үүрэг болон Гэрээтэй холбоотойгоор Зээлдэгчээс шаардах эрхээ аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ Зээлдэгчид мэдэгдэх, зөвшөөрөл авах үүрэг хүлээхгүй.

Зургаа. Зээлдэгчийн мэдээлэл, мэдээллийн нууцлал

  • 6.1. Зээлдэгчийн мэдээлэл гэдэгт Зээлдэгч Цахим зээлийн хүсэлт гаргахдаа өөрөө мэдүүлсэн, эсхүл Зээлдэгчид Зээлийн үйлчилгээ үзүүлэх явцад гуравдагч этгээдээс авсан болон Зээлдэгч Аппликейшн ашиглах явцад цугласан Зээлдэгчтэй холбоотой аливаа мэдээлэл, баримтыг ойлгоно.
  • 6.2. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн холбогдох мэдээллийг бүрэн бөгөөд үнэн зөв авах эрхтэй ба Зээлдэгч өөрийн мэдээлэл, шаардлагатай баримтыг бүрэн бөгөөд үнэн зөв мэдүүлэх, оруулсан мэдээллийг Аппликейшнд шалгах, нэгэнт оруулсан мэдээлэлд өөрчлөлт орсон бол нэн даруй зохих засварыг хийх үүрэгтэй байна. Энэхүү үүргээ зөрчсөний улмаас Зээлдүүлэгчид учирсан аливаа хохирлыг Зээлдэгч бүрэн хариуцна.
  • 6.3. Зээлдэгчийн мэдээлэл нь дараах хоёр төрөлтэй байна:
    • 6.3.1. Зээлдэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн бүрэн хаяг зэргийг заасан буюу дангаар, эсхүл хамтад нь ашиглан Зээлдэгчийг хувь хүний хувьд оноон таньж мэдэх боломжтой “Хувийн мэдээлэл”
    • 6.3.2. Зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явцад үүсгэсэн, цуглуулсан, боловсруулсан, системд бүртгэгдсэн, энэхүү Гэрээний 6.3.1-т заасан мэдээллийг бүрэн агуулаагүй, Зээлдэгчийг хувь хүний хувьд оноон таньж мэдэх боломжгүй мэдээлэл буюу “Системийн эдээлэл”
  • 6.4. Системийн мэдээллийн өмчлөгч нь Зээлдүүлэгч болон Оператор байх ба Хувийн мэдээллийн өмчлөгч нь Зээлдэгч өөрөө байна.
  • 6.5. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн Хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй ба энэхүү Гэрээ болон Монгол Улсын холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  • 6.6. Зээлдүүлэгч нь Зээлдэгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх, тэлэх, Монгол Улсын хууль, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны дотоод болон хөндлөнгийн хяналт, аудит хийлгэх, санхүүгийн нэмэлт эх үүсвэр татах, Аппликейшныг хөгжүүлэх зорилгын хүрээнд Зээлдэгчийн Хувийн мэдээллийг дор дурдсан тохиолдолд гуравдагч этгээдэд өгөх эрхтэй буюу тийнхүү өгөхийг Зээлдэгч үүгээр зөвшөөрч байгаа болно:
    • 6.6.1. Монгол Улсын хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд хуульд заасан хэлбэр, хэмжээний хүрээнд;
    • 6.6.2. Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу Монголбанкны Зээлийн мэдээллийн сан болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хуульд заасан журмын дагуу;
    • 6.6.3. Энэхүү Гэрээний 5.5 болон 5.6-д заасны дагуу оператор болон бусад гуравдагч этгээдэд хувь хүний нууцын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүхий хэлцэл хийсний үндсэн дээр;
    • 6.6.4. Зээлдүүлэгч өөрийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор гуравдагч этгээдтэй хуулиар хориглоогүй хэлцэл хийхийн тулд тэрхүү гуравдагч этгээдэд зайлшгүй шаардлагатай болсон мэдээллийг хувь хүний нууцын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүхий хэлцэл хийсний үндсэн дээр;
    • 6.6.5. Зээлдэгч Аппликейшнд суурилсан Зээлээс бусад үйлчилгээ авах, Аппликейшнаар дамжин гуравдагч этгээдийн системд нэвтрэх тохиолдолд Зээлдэгчээс зөвшөөрөл авсан буюу хийсэн Зөвшөөрөх үйлдлийг үндэслэн уг үйлчилгээг үзүүлэгч гуравдагч этгээдэд;
    • 6.6.6. Энэхүү Гэрээний 5.2-т заасны дагуу ЛэндМН ББСБ ХК-аас эрх шилжүүлэн авсан этгээдэд;
    • 6.6.7. Хуулиар хориглоогүй бусад тохиолдол.
  • 6.7. Зээлдүүлэгч нь Зээлдэгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх, тэлэх, Монгол Улсын хууль, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны дотоод болон хөндлөнгийн хяналт, аудит хийлгэх, санхүүгийн нэмэлт эх үүсвэр татах, Аппликейшныг хөгжүүлэх зорилгын хүрээнд Зээлдэгчийн Хувийн мэдээллийг дор дурдсан тохиолдолд гуравдагч этгээдэд өгөх эрхтэй буюу тийнхүү өгөхийг Зээлдэгч үүгээр зөвшөөрч байгаа болно:
    • 6.7.1. Зээлдэгч нь Аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг чанд хадгалах, бусад гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, ийнхүү дамжуулж, Зээлийг бусдад ашиглуулахгүй байх, ашиглах боломж олгохгүй байх;
    • 6.7.2. Зээлдэгч нь Аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, ПИН кодоо бусдад алдсан, бусад этгээд нэвтэрсэн, ашигласан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд нэн даруй Зээлдүүлэгчид утсаар, эсхүл боломжит бусад байдлаар мэдэгдэнэ.
    • 6.7.3. Аппликейшнд бүртгэлтэй Зээлдэгчийн утасны дугаар өөрчлөгдсөн бол тэр даруй Зээлдүүлэгчид мэдэгдэх, утасны дугаар өөрчлөгдсөнөөс хойш ажлын 1 хоногийн дотор Аппликейшнаар дамжуулан бүртгэлтэй утасны дугаар, нэвтрэх нэрээ өөрчилнө.
    • 6.7.4. Зээлдэгч өөрийн орлогыг дансны хуулгаар баталгаажуулах зорилгоор дансны нэвтрэх нэр, нууц үгээ Аппликейшнд өөрөө оруулсан ба нэвтрэх нэр, нууц үгийнхээ хадгалалт аюулгүй байдлыг өөрөө хариуцна. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн дансны интернэт банкны мэдээллийг Зээлийн шийдвэр гаргахад ашиглахаас бусдаар ашиглахгүй бөгөөд нэвтрэх нэр, нууц үгийг хадгалахгүй, аливаа хэлбэрээр ашиглах боломжгүй байна. Маргаан үүсгэхгүйн үүднээс Зээлдэгч интернэт банкны нууц үгээ зээлийн шийдвэр гарсны дараа солино.

Долоо. Зээлдэгчийн эрх, үүрэг

  • 7.1. Зээлдэгч дараах эрхтэй:
    • 7.1.1. Гэрээ хүчин төгөлдөр болсноор Зээлдүүлэгчээс баталсан Зээлийн эрх, дэд эрхийн хэмжээнд Аппликейшнаар дамжуулан Цахим зээлийн хүсэлт илгээн Зээл авах, Зээлийг тохиролцсон хугацаа, шимтгэл, хураамж болон хүүтэйгээр ашиглах;
    • 7.1.2. Зээлдүүлэгчээс олгосон урамшууллын оноог Зээлдүүлэгчээс тогтоосон нөхцөлийн дагуу ашиглах;
    • 7.1.3. Зээлдэгч өөрийн санхүүгийн чадавхи сайжирсан гэж үзвэл 3 сар тутамд Аппликейшнд мэдээллээ шинэчлэн, Зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Аппликейшнаар дамжуулан Зээлдүүлэгчид гаргаж, шийдвэрлүүлэх;
    • 7.1.4. Зээлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний нөхцөлийн талаарх мэдээлэл, тодруулгыг Зээлдүүлэгч, эсхүл Операторт хандан авах;
    • 7.1.5. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах;
    • 7.1.6. Хууль тогтоомж болон энэхүү Гэрээнд заасан бусад эрх.
  • 7.2. Зээлдэгч дараах үүрэгтэй:
    • 7.2.1. Зээлийн эрх, дэд эрхийн хүрээнд авсан Зээлийг Аппликейшнаар дамжуулан сонгосон эргэн төлөх нөхцөл, мөнгөн дүн, хуваарийн дагуу түүнд ногдох шимтгэл, хураамж, хүүгийн хамт үл маргах журмаар Зээлдүүлэгчид эргэн төлөх;
    • 7.2.2. Зээлийн төлбөрийг, тухайн Зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, эсхүл шимтгэл, хураамж төлөх;
    • 7.2.3. Зээлийг хугацаандаа төлөөгүй бол Зээлдүүлэгчийг зээлийн хяналт хийх, Зээлдэгчийн орлого, зээл, бусад төлбөрийн үүргийг баталгаажуулах бололцоо нөхцөлөөр хангах, шаардсан мэдээлэл, баримтыг гаргаж өгөх;
    • 7.2.4. Зээлдэгч нь Аппликейшнд оруулсан аливаа мэдээлэл, Цахим зээлийн хүсэлт, өөрийн сонгосон дансны мэдээлэл зэргийг алдаатай дутуу оруулсан, эсхүл үнэн зөв бөглөөгүй, Цахим зээлийн хүсэлтийг давхар илгээсэн зэргээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бүрэн хариуцах;
    • 7.2.5. Интернэт банкны эрхээ ашиглан дансны хуулгаа илгээсэн Зээлдэгч интернэт банкны нууц үгээ Зээлийн шийдвэр гарсны дараа солих, энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах үр дагаврыг бие даан бүрэн хариуцах;
    • 7.2.6. Зээлийн эрхээс хэтрүүлэн Зээл авч ашиглахгүй байх, ийнхүү авсан тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардсан нөхцөл, хугацаанд ногдох шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх;
    • 7.2.7. Зээлдүүлэгчийн болон банк, Оператор, гуравдагч этгээдийн системийн доголдол, техникийн саатлаас үүдэн Зээлдэгчид давхар зээл олгогдсон, илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн болон бусад байдлаар алдаатай гүйлгээ хийгдсэн тохиолдолд давхар болон илүү мөнгөн дүнгээр хүлээн авсан буюу алдаатай гүйлгээгээр шилжсэн мөнгөн хөрөнгийг зарцуулалгүйгээр Зээлдүүлэгчид нэн даруй буцаан шилжүүлэх, хэрэв зарцуулсан бол тухайн мөнгөн хөрөнгөнд ногдох шимтгэл, хураамж, хүүгийн хамт бүрэн хэмжээгээр нэн даруй эргүүлэн төлөх;
    • 7.2.8. Зээлдэгч өөрийн санхүүгийн чадавхи муудсан гэж үзвэл нэн дариу Аппликейшнд мэдээллээ шинэчлэн, Зээлийн эрхийн хэмжээг бууруулах хүсэлтийг Зээлдүүлэгчид гаргаж, шийдвэрлүүлэх;
    • 7.2.9. Зээлд хөрөнгө барьцаалуулсан бол барьцаа хөрөнгийг зориулалтын дагуу ашиглалтын хэвийн элэгдэл хорогдлоос дордуулахгүйгээр ашиглах, Зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах, шилжүүлэх, бэлэглэх, өвлүүлэх болон бусад байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, давхар барьцаалуулахгүй байх, энэхүү үүргээ биелүүлээгүй бол Зээлдүүлэгчийн шаардлагаар нэмэлт хөрөнгө барьцаалуулах;
    • 7.2.10. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээний үүргийг хангахтай холбогдон гарсан шүүхийн болон холбогдох бусад зардлыг хариуцах;
    • 7.2.11. Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй Зээлдүүлэгчид мэдэгдэх, зээлийн үүргийг биелүүлэх, үүсэх үр дагаврыг бууруулах, арилгахад шаардлагатай арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэх;
    • 7.2.12. Зээлдүүлэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
    • 7.2.13. Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас өөрт, эсхүл Зээлдүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан аливаа зардал, хохирлыг дангаар бүрэн хариуцан төлөх;
    • 7.2.14. Хууль тогтоомж болон энэхүү Гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

Найм. Зээлдүүлэгчийн эрх, үүрэг

  • 8.1. Зээлдүүлэгч дараах эрхтэй:
    • 8.1.1. Зээлдэгчид Цахим зээлийн эрх нээх, нээхээс татгалзах;
    • 8.1.2. Зээлдэгчийн Зээлийн эрх болон дэд эрхийн хэмжээг тогтмол хянах, түүнийг нэмэгдүүлэх, бууруулах, зээл олгох эсэх шийдвэрийг дангаар гаргах, Зээлдэгч энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зээлийн эрхийг түдгэлзүүлэх, түр болон бүр хаах, зээл олгох болон Зээлийн эрх нээхээс татгалзах;
    • 8.1.3. Зээлдэгчид Зээлийн эрх, дэд эрхийн хэмжээг тогтоох аргачлал, Зээлийн эрхийн дүнг тооцоолсон өгөгдөл, бусад аргачлалыг бие даан, эсхүл Оператор, гуравдагч этгээдтэй хамтран боловсруулж, тодорхойлох ба Зээлдэгчид тайлбарлах үүрэг хүлээхгүй;
    • 8.1.4. Зээлдэгчээс Зээлийн төлбөрийг хугацаанд нь эргэн төлөхийг шаардах, Зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд Гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, эсхүл шимтгэл, хураамж тооцох, Зээлийн төлбөрийг Зээлдэгчээр эргэн төлүүлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардлагатай бол Зээлийн нийт төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг Зээлдэгчээс шаардаж, төлүүлэх;
    • 8.1.5. Шаардлагатай тохиолдолд Зээлдэгчийн Зээл төлөх орлогын эх үүсвэрийг баталгаажуулах, үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, зээлийн зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл гаргуулах, хяналт тавих;
    • 8.1.6. Зээлдэгч гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд түүний цахим хэтэвчийн зарлагын гүйлгээг төлбөрийн дүнгээр түр хязгаарлах, саатуулан барих, төлбөрийг Цахим хэтэвч, банкин дахь данс эсхүл төлбөрийн картнаас үл маргах журмаар нэхэмжлэн төлүүлэх;
    • 8.1.7. Зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээлтэй эсэх талаарх мэдээллийг авах, Монголбанк болон бусад эрх бүхий зээлийн мэдээллийн санд мэдээлэх;
    • 8.1.8. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах;
    • 8.1.9. Хууль тогтоомж болон энэхүү Гэрээнд заасан бусад эрх.
  • 8.2. Зээлдүүлэгч дараах эрхтэй:
    • 8.2.1. Гэрээнд заасны дагуу Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн Зээл олгох;
    • 8.2.2. Гэрээний хүчинтэй хугацаанд Зээлдэгчийн Зээлийн эрх, дэд эрхийг өөрчлөх хүсэлтийг холбогдох мэдээллийн хамт хүлээн авсан даруй шалгаж, хариу мэдэгдэх;
    • 8.2.3. Зээлийн эргэн төлөх хугацаа болсныг Зээлдэгчид сануулах, Цахим нэхэмжлэх илгээх;
    • 8.2.4. Зээлтэй холбоотой төлбөр, тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх;
    • 8.2.5. Хууль тогтоомж болон энэхүү Гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

Ес. Зээлдэгчийн баталгаа, зөвшөөрөл

  • 9.1. Зээлдэгчийн Зээлдүүлэгчид гарган өгсөн, мэдүүлсэн бүх баримт бичиг болон Аппликейшнд Зээлдэгчийн оруулсан мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд ямар нэгэн чухал баримт, мэдээллийн талаар худал мэдэгдээгүй, Гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал баримт, мэдээллийг орхигдуулаагүй болно.
  • 9.2. Аппликейшнд оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа сонголт хийсэн, нууцлалын төхөөрөмж, биометрийн мэдээллийг уншуулсан болон бусад Зөвшөөрөх үйлдэл хийсэн зэрэг нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдох бөгөөд Зээлдэгч өөрөө Зээлдүүлэгчид хандан гаргасан баримтын бүрдүүлбэр, холбогдох Зээлийн болон бусад хууль ёсны хүсэлт, мэдэгдэл, зөвшөөрөл, Гэрээний нэмэлт, өөрчлөлтөд зурсан албан ёсны баталгаат гарын үсгийн нэгэн адил хүчин төгөлдөрт тооцогдоно.
  • 9.3. Зээлдэгч нь Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
  • 9.4. Зээлдэгч нь дараах зөвшөөрлийг Зээлдүүлэгчид энэхүү Гэрээгээр олгосон бөгөөд Зээлдэгч дахин бичгээр зөвшөөрөл гаргах буюу Зээлдүүлэгч тийнхүү бичгэн зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд:
    • 9.4.1. Зээлдэгч би Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, түүнчлэн Зээлийн хугацаа сунгах хүсэлт гаргаагүй тохиолдолд Зээлдэгч миний цахим хэтэвчийн зарлагын гүйлгээг төлбөрийн дүнгээр түр хязгаарлах, саатуулан барих, цахим хэтэвчнээс зээлийн төлбөрийг үл маргах журмаар суутган, Зээлдүүлэгчид шилжүүлэхийг Зээлдүүлэгч болон Төлбөрийн үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрч байна.
    • 9.4.2. Зээлийн төлбөрийг хугацаанд төлөөгүй, 3 буюу түүнээс дээш хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн төлбөрийг Зээлдэгч миний баталгаажуулсан банкны данснаас нэхэмжлэн төлүүлэхийг Зээлдүүлэгчид, Зээлдүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн Зээлдэгчийн данснаас зээлийн төлбөрийг суутган Зээлдүүлэгчид шилжүүлэхийг холбогдох банкинд бүрэн зөвшөөрч байна.
    • 9.4.3. Зээлдэгч бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зориулалтаар зээл авах тохиолдолд Аппликейшн болон бусад төхөөрөмжөөр дамжуулан илгээсэн хүсэлт, зөвшөөрлийн дагуу Төлбөр хүлээн авагчид зээлийн мөнгөн дүнг шилжүүлэхийг зөвшөөрч байна.
    • 9.4.4. Зээлдэгч миний Зээлийн талаарх мэдээлэл болон Хувийн мэдээллийг энэхүү Гэрээний 6.6 дугаар зүйлд заасан нөхцөлөөр гуравдагч этгээдэд өгөхийг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    • 9.4.5. Зээлдэгч миний энэхүү Гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох хүртэл хугацаанд Зээлдэгч болон барьцаа хөрөнгийн талаарх аливаа мэдээлэл, лавлагааг улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагаас авах эрхийг Зээлдүүлэгчид олгож байгаа болно.
    • 9.4.6. Зээлдэгч ЛэндМН ББСБ ХК-аас гадна бусад банк, эрх бүхий хуулийн этгээдийн санал болгож буй Зээлийн бүтээгдэхүүнийг сонгож Зөвшөөрөх үйлдлийг хийн Цахим зээлийн хүсэлт илгээснээр ЛэндМН ББСБ ХК-д энэхүү Гэрээнд заасан зохих эрх, үүргээ тухайн Цахим зээлийн хүсэлтийг хүлээн авч, Зээл олгосон этгээдэд олгосон Зээлийн хэмжээгээр шилжүүлэхийг зөвшөөрч байна.
    • 9.4.7. Хэд хэдэн Зээлдүүлэгчээс Зээл авсан бол Зээлдүүлэгч тус бүрийн өмнө энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхээ зөвшөөрч байна.
    • 9.4.8. Зээлдэгч энэхүү Гэрээ болон Зээлдүүлэгчтэй байгуулсан бусад гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд Зээлийн нийт төлбөрийг Гэрээний 3.8-д заасны дагуу барьцаалуулсан хөрөнгөөс тэргүүн ээлжинд барагдуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахыг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    • 9.4.9. Зээлийн бүтээгдэхүүн, Зээлийн нөхцөл (зээлийн хэмжээ, хугацаа, эргэн төлөх нөхцөл, шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүү тэдгээрийг тооцох арга, барьцаа, баталгаа), Зээлийн эрх болон дэд эрх зэрэгт орсон өөрчлөлтийн мэдэгдлийг Аппликейшнаар дамжуулан хүлээн авч дагаж мөрдөхөө зөвшөөрч байна.

Арав. Хугацаа хэтрүүлсэн зээл

  • 10.1. Зээлийг хэсэгчлэн хувааж төлөхөөр эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь Гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих хугацаа гэж тооцогдох бөгөөд Зээлдэгч Зээлийг эргүүлэн төлөх хэсэгчлэн тогтоосон хуваарийг зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүйг энэхүү Гэрээний үүргийн зөрчилд тооцож, Зээлдэгчид энэхүү Гэрээнд заасны дагуу хариуцлага ногдуулна.
  • 10.2. Зээлдэгч энэхүү Гэрээний дагуу авсан хүүгүй бөгөөд шимтгэл, хураамжтай зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Зээлдэгчид Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд Зээлийн үлдэгдэлд сарын 5% /таван хувь/-ийн хүү төлүүлэхээр Талууд харилцан тохиров. Зээлдүүлэгчийн Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөс хамаарч энэхүү хүүг өөрөөр тогтоож болох ба энэ тохиолдолд Зээлдэгчийн төлөх хүү, шимтгэл, хураамжийн нөхцөлийг Аппликейшн, бусад сувгаар дамжуулан Зээлдэгчид мэдэгдэнэ.
  • 10.3. Зээлдэгч энэхүү Гэрээний дагуу авсан хүүтэй Зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүүгийн 20% /хорин хувь/-аас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг Зээлдүүлэгчид төлнө.
  • 10.4. Зээлдэгч энэхүү Гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Зээлдүүлэгч нь Зээлийн төлбөрийг Зээлдэгчийн цахим хэтэвч дэх мөнгөн хөрөнгө болон цахим хэтэвчид орох орлогоос, хэрэв Зээлдэгч дебит гүйлгээний зөвшөөрөл олгосон бол холбогдох банк дахь Зээлдэгчийн данснаас үл маргах журмаар нэхэмжлэн төлүүлнэ.
  • 10.5. Энэхүү Гэрээний үүргээ биелүүлээгүй Зээлдэгч энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу авсан Зээлд хөрөнгө барьцаалуулсан бол Зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэн авч, худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох ба Зээлдэгчийн орлого, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан дүн нь Зээлдүүлэгчийн шаардлагыг бүрэн хангахад хүрэлцэхгүй бол Зээлдэгч бусад орлого, эд хөрөнгөөрөө Зээлдүүлэгчийн шаардлага, энэхүү Гэрээний үүргийг бүрэн хангах үүрэгтэй.

Арван нэг. Хариуцлага

  • 11.1. Талууд энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа хэлбэрээр зөрчсөн бол хууль тогтоомж, энэхүү Гэрээнд заасан хариуцлагыг хүлээхээс гадна нөгөө талдаа учруулсан аливаа хохирлыг бүрэн хариуцан төлөх үүрэгтэй.
  • 11.2. Зээлдэгч энэхүү гэрээний 6.7-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, Зээл болон бусад төлбөрийн үүргийг Зээлдэгч өөрөө бие даан бүрэн хариуцна.
  • 11.3. Зээлдэгчийн Аппликейшнд оруулсан мэдээллийн алдаатай, зөрүүтэй байдлаас үүссэн ямар нэгэн хариуцлагыг Зээлдүүлэгч хүлээхгүй.
  • 11.4. Зээлдэгч гэрээний 7.2.9-д заасан үүргээ зөрчиж, барьцаа хөрөнгийг бусдын өмчлөлд хэсэгчлэн болон бүрэн шилжүүлсэн бол Зээлдүүлэгчийн барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр байх ба уг этгээдээс барьцаа хөрөнгийг гаргуулан авна.

Арван хоёр. Гэрээний хугацаа, дуусгавар болох, түүнийг цуцлах

  • 12.1. Энэхүү Гэрээ нь хүчин төгөлдөр болсноос хойш Гэрээний 12.2-т заасны дагуу Гэрээг дуусгавар болгох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • 12.2. Энэхүү Гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно:
    • 12.2.1. Зээлдэгч Гэрээг дуусгавар болгохоор Зээлдүүлэгчид хүсэлт гаргасан бөгөөд Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн Зээлийн үүргийн үлдэгдэлгүй;
    • 12.2.2. Энэхүү Гэрээний 12.3-т заасны дагуу Зээлдүүлэгчийн санаачилгаар;
    • 12.2.3. Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
    • 12.2.4. Хуульд заасан бусад үндэслэлээр.
  • 12.3. Зээлдэгч дараах нөхцөлд Гэрээнээс татгалзах эрхээ алдах ба Зээлдүүлэгч нэг талын санаачилгаар энэхүү Гэрээг цуцалж, Зээлийн эрхийг хаан, Зээлийн нийт төлбөрийг төлөхийг Зээлдэгчээс шаардах ба Гэрээг цуцалснаас үүдэн гарах аливаа асуудал, хохирлыг Зээлдүүлэгч хариуцахгүй:
    • 12.3.1. Зээлдэгч энэхүү Гэрээний дагуу олгогдсон Зээлийн эрхийн хүрээнд авч ашигласан Зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй, Гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй;
    • 12.3.2. Зээлдүүлэгчид худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
    • 12.3.3. Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй;
    • 12.3.4. Зээлдэгчийн өмч хөрөнгө болон санхүүгийн талаар бусад этгээд маргаан үүсгэж, Зээлдэгч буруутай болох нь тогтоогдсон;
    • 12.3.5. Зээлдэгчийн үйл ажиллагаа, орлогод санхүү, эдийн засгийн үр дагавар бий болгохуйц нөхцөл байдал үүссэн, бусад зээлдүүлэгчээс давхар Зээл авсан нь Зээлдэгчийн Зээл төлөх чадавхид сөргөөр нөлөөлөхүйц болсон;
    • 12.3.6. Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл Гэрээний зөрчлийг арилгах талаар Зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй.
  • 12.4. Гэрээний 12.3-т заасан үндэслэлээр Гэрээг цуцалсан бол Зээлдэгч нь Зээлдүүлэгчийн мэдэгдлийг хүлээн авсан даруйд, мэдэгдэлд заасан хугацаанд Зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
  • 12.5. Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон нөхцөлд түүний хүлээсэн үүрэг түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ.
  • 12.6. Зээлдүүлэгчийн энэхүү Гэрээний 12.3-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй буюу хугацаанд нь хэрэгжүүлээгүй нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэл болохгүй.
  • 12.7. Гэрээг цуцалсан, Гэрээнээс татгалзсан, Гэрээг дуусгавар болгосон нь Зээлдэгчийн Зээл, шимтгэл, хураамж, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг болон Гэрээнд заасан бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Арван гурав. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

  • 13.1. Энэхүү Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Зээлдүүлэгч Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид мэдэгдэн, Зээлдэгч Зөвшөөрөх үйлдэл хийж, өөрийн нууц үгээр баталгаажуулсан, эсхүл цахим хэлбэрээр гарын үсэг зурсан, эсхүл түүнтэй адилтгах хэлбэрээр баталгаажуулсан (үүгээр хязгаарлагдахгүйгээр Аппликейшн дээр цахимаар сонголт хийх, хүсэлт илгээх зэрэг бодит үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлсэн)-аар хүчин төгөлдөр болно.
  • 13.3. Нэмэлт, өөрчлөлтүүд нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг бөгөөд Гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.

Арван дөрөв. Давагдашгүй хүчин зүйл

  • 14.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, гэмтэл, сүлжээний хэвийн ажиллагаанаас хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, ханган нийлүүлэгч, эсхүл энэхүү Гэрээгээр үзүүлэх үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернет, тог цахилгааны тасалдал зэрэг урьдчилан таамаглах боломжгүй, Талуудын хяналтаас гадуур бий болсон аливаа үйл явдлыг ойлгоно.
  • 14.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аль нэг тал нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь Талуудын эрх ашгийг хөндөхгүй бол тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэлх хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болно.
  • 14.3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал нь нөгөө Талдаа энэхүү хүчин зүйлийн талаар нэн даруй мэдэгдэх ба шаардлагатай бол нотлох бичиг баримтыг гаргуулахаар нөгөө Тал шаардаж болно.
  • 14.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн Тал нь энэ тухай нөгөө Талд мэдэгдэж, хойшлуулсан үүргээ биелүүлж эхэлнэ.

Арван тав. Маргаан шийдвэрлэх, хууль хэрэглэх

  • 15.1. Энэхүү Гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэн хийгдсэн бөгөөд энэхүү Гэрээнд зохицуулаагүй асуудал Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү Гэрээний зүйл заалтыг нэн тэргүүнд баримтална.
  • 15.2. Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг Талууд нэн тэргүүнд харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Арван зургаа. Бусад зүйл

  • 16.1. Энэхүү Гэрээ Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд цаашид Зээлдүүлэгчээс Зээлдэгчид олгох Зээлийн эрх, дэд эрх болон Зээлдүүлэгчийн шинээр гаргах Зээлийн бүтээгдэхүүн, бусад санхүүгийн үйлчилгээгээр Зээлдэгчид олгогдох эрх нь энэхүү Гэрээгээр баталгаажсанд тооцогдоно.
  • 16.2. Зээлдэгч нь энэхүү Гэрээний дагуу Цахим зээлийн хүсэлт илгээн авсан Зээл тус бүрт энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргийг чанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд Цахим зээлийн хүсэлт болон Аппликейшнаар дамжуулан гаргасан аливаа зөвшөөрөл, мэдэгдэл, баталгааг зөрчвөл энэхүү Гэрээг зөрчсөнтэй адилтган үзнэ.
  • 16.3. Энэхүү Гэрээний аль нэг нөхцөл, заалт хүчингүйд тооцогдсон, эсхүл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ нь Гэрээ, Гэрээний бусад заалтын хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй.
  • 16.4. Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичгийг Зээлдүүлэгчийн хувьд Аппликейшнаар дамжуулан Зээлдэгчид хүргэснээр, Зээлдэгч нь Зээлдүүлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлснээр нөгөө тал хүлээн авсан буюу танилцсан гэж үзнэ.
  • 16.5. Энэхүү Гэрээ, Гэрээтэй холбогдох бусад баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх тохиолдолд зардлыг Зээлдэгч хариуцан төлнө.
  • 1. 20__ оны __ сарын __-ний өдрийн _____________________ дугаартай “ЦАХИМ ЗЭЭЛИЙН ЭРХ НЭЭХ ГЭРЭЭ” (цаашид “гэрээ” гэх) – ний дагуу Зээлдэгч ___________________ овогтой ___________________ би Аппликейшнд үүсгэсэн ___________________________________ нэвтрэх нэр /утасны дугаар/ болон нууц үгийг ашиглан нэвтэрч, Цахим зээлийн эрх нээх гэрээгээр олгогдсон Зээлийн эрхийн хүрээнд Зээлдүүлэгчээс санал болгох Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүсч, тухайн зээлд ногдсон шимтгэл, хураамж, хүү бүхий Зээл авч, эргэн төлөх хугацаатайгаар ашиглана. Зээл авах тухай бүр тухайн Зээлийн дүн, шимтгэл, хураамж, хүү, хугацаа, эргэн төлөх хуваарийг Аппликейшнд баталгаажуулах ба илгээсэн Цахим зээлийн хүсэлтийг үнэн зөвд тооцож эргэн төлнө.
  • 2. Аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг нь миний мэдээлэл, зээл, санхүүжилтийн аюулгүйн баталгаа гэдгийг ойлгож, бусдад дамжуулан мэдээлэхгүй байх үүргийг хүлээж, өөрийн буруугаас үүдэн гарч болзошгүй эрсдлийн хариуцлагыг хүлээх болно.
  • 3. Зээлийн мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотойгоор миний сонгосон (оруулсан) хүлээн авагчийн дансны мэдээлэл, шаардах эрх үүсэх үндэслэл болсон төлбөрийн үүрэг, түүний зориулалт, шаардах эрх шилжүүлэх хэмжээ болон бусад мэдээллийг алдаатай, дутуу, эсхүл үнэн зөв бөглөөгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг миний бие дангаар бүрэн хүлээх болно.
  • 4. Зээлдэгч би Аппликейшн болон бусад цахим сувгаар Цахим зээлийн хүсэлт илгээн авсан Зээл бүрийг Зээлийн шимтгэл, хураамж, хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зээлдүүлэгчээс тооцоолсон нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар бүрэн эргүүлэн төлөх үүргийн Баталгааг үүгээр гаргаж байна.
  • Баталгаа гаргасан:
  • Зээлдэгч:
    ______________________
  • Регистрийн дугаар:
    ______________________

Зээлдэгч нь энэхүү хуудсанд заасан бүх нөхцөлийн талаар хүсэл сонирхолоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн болохыг баталж гарын үсэг зурав.